Тайландын хааны гэр бүлийн хамгийн нөлөө бүхий, олон нийтэд хайрлагдсан гишүүн болох гүнж Бажракитияаба 3 жил гаруй хугацаанд комад байсны эцэст 47 насандаа таалал төгсжээ. Хааны ордны албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, гүнж зургаадугаар сарын 11-ний өдрийн 19:48 цагт Чулалонкорн эмнэлэгт амьсгал хураасан байна. Эмч нар түүнийг ухаангүй байх хугацаанд шаардлагатай бүхий л тусламж, эмчилгээг үзүүлсэн боловч биеийн байдал нь тасралтгүй муудсаар байжээ.
Гүнж Бажракитияаба 2022 оны арванхоёрдугаар сард өөрийн ноходтойгоо хамт дасгал хийж байх үедээ гэнэт ухаан алдаж унасан бөгөөд үүнээс хойш дахин ухаан ороогүй юм. Нарийн мэргэжлийн эмч нарын оношилсноор түүний зүрхэнд микоплазмын халдвар үүссэн байсан бөгөөд үүнээс үүдэлтэй зүрхний хэм алдагдал гэнэт ухаан алдах гол шалтгаан болсон гэж тайлбарлажээ. Тэрээр хувь хүнийхээ хувьд фитнесээр идэвхтэй хичээллэдэг, холын зайн гүйлтэд тогтмол оролцдог байсан тул уг үйл явдал Тайландын ард түмнийг гүн шоконд оруулж байв.
Боловсрол, карьер ба нийгэмд гүйцэтгэсэн үүрэг
Тэрээр зөвхөн хааны гэр бүлийн гишүүн байгаад зогсохгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр боловсролтой хуульч, дипломатч хүн байлаа. АНУ-ын Корнеллийн их сургуульд хууль зүйн ухааны мастер хамгаалсан түүний карьерын онцлох амжилтуудаас дурдвал:
- Олон улсын зүтгэлтэн: Нью-Йорк хотноо НҮБ-д ажиллаж байгаад эх орондоо ирснийхээ дараа Бангкок болон бусад хотуудын Ерөнхий прокурорын газарт хуульчаар ажилласан.
- Дипломат алба: 2012–2014 онд Тайланд улсаас Австри улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв.
- Шүүхийн шинэчлэл: НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газрын (UNODC) Элчин сайдаар ажиллаж, Тайландын эрүүгийн шүүхийн тогтолцоог шинэчлэх, ялангуяа эмэгтэй хоригдлуудын эрхийг хамгаалах чиглэлд томоохон өөрчлөлтүүдийг санаачилсан.
- Цэргийн цол: 2021 онд түүний эцэг, хаан Важиралонкорн түүнд Генерал цол олгож, өөрийн хувийн бие хамгаалалтын албаны даргаар томилж байжээ.
Хаан ширээ залгамжлалын эргэн тойрон дахь сорилт
Гүнж Бажракитияаба таалал төгссөн нь Тайландын хаан ширээ залгамжлалын асуудлыг маш ээдрээтэй байдалд оруулж байна. Өдгөө 73 настай хаан Важиралонкорн өөрийн албан ёсны өв залгамжлагчийг хараахан нэрлээгүй байгаа юм. Тайландын Үндсэн хуульд 1974 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр эмэгтэй хүн хаан ширээг залгамжлахыг зөвшөөрсөн тул хамгийн том охин, өндөр боловсролтой гүнжийг гол залгамжлагч байх магадлалтай гэж олон улсын ажиглагчид үзэж байв.
Хаан нийт долоон хүүхэдтэй (таван хүү, хоёр охин) бөгөөд хоёр дахь эхнэрээс нь төрсөн дөрвөн хүү нь гэр бүл салалтын улмаас АНУ-д амьдарч байгаа тул өв залгамжлах эрхгүй болсон. Харин гурав дахь эхнэрээс нь төрсөн тав дахь хүү Дипанкорныг боломжит залгамжлагч гэж үздэг ч түүний хааны үүргийг гүйцэтгэх ур чадварт олон нийт эргэлзсээр ирсэн юм. Тиймээс хамгийн их итгэл хүлээлгэж байсан том охиноо алдсан нь хааны гэр бүлд нөхөж баршгүй хүнд цохилт боллоо.