Боксын дэлхийн аварга асан Тайсон Фьюрид 2015 онд Украины Владимир Кличког ялж, WBA, IBF болон WBO холбоодын аваргын бүсийг авсных нь дараахан шизофрени болон хоёр туйлт эмгэг оношлогджээ. Энэ талаар Фьюри болон түүний эхнэр Пэрис Netflix-д гарах баримтат кинонд ярьсан гэж BBC мэдээлсэн байна.
38 настай Британийн хүнд жингийн боксчин өөрийнх нь болон гэр бүлийнх нь эсрэг заналхийлсэн дуу хоолой толгойд нь сонсогддог байсан тухай ярьжээ. Түүнд радио өөрт нь шууд хандан ярьж байгаа мэт, мөн “иллюминати” түүнийг мөрдөж байгаа мэт санагддаг байсан аж.
2016 оны 6-р сард Фьюриг зүрхний шигдээс болсон байж магадгүй гэсэн сэжгээр эмнэлэгт хэвтүүлсэн байна. Гэвч эмч нар эцэст нь үүнийг сандралын дайралт байсан гэж дүгнэжээ. Эмнэлгээс гарсны дараа түүнд шизофрени болон хоёр туйлт эмгэг гэсэн онош тавьсан байна. “Би амьдралаа зөөлөвчтэй ханатай, цоожтой хаалгатай өрөөнд дуусгах юм байна гэж боддог байсан. Зөвхөн энэ бодлоосоо л аймшигтай их айдаг байлаа” гэж Фьюри ярьжээ.
Түүний хэлснээр, тэр түгшүүрээ хянаж чадахгүй байсан бөгөөд Лондонд сэтгэцийн эмчид мөн хандаж байжээ. Фьюри өөрийн тухайн үеийн байдлыг сэтгэл гутрал, түгшүүр болон хоёр туйлт эмгэгийн шинжтэй байсан гэж тайлбарласан байна.
Кличког ялсны дараа байдал нь дорджээ
Кличког ялсны дараа Фьюри жин их нэмж, архи болон мансууруулах бодисын хамааралтай болсон тухай ярьжээ. “Бүх зүйл эцэстээ би дуу хоолой сонсож эхлэх хэмжээнд хүрсэн. Би хэн нэгэнтэй тайван сууж ярилцаж чадахгүй байсан, учир нь толгой дотор минь байнга ямар нэг зүйл сонсогддог байлаа” гэж тэр хэлсэн байна.
Фьюригийн хэлснээр, 2017 оны Хэллоуины баярын үеэр дахин бэлтгэлдээ орохоор шийдсэн нь түүний хувьд эргэлтийн мөч болжээ. Тэр 2020 онд Деонтей Уайлдерыг ялж WBC холбооны дэлхийн аваргын бүсийг дахин хүртсэн бөгөөд 2024 онд Александр Усиктай тулалдах хүртлээ уг бүсийг эзэмшсэн байна.
Энтони Жошуатай тулалдана
12-р сарын 12-нд Кардифф хотод Фьюри өөр нэг Британийн боксчин Энтони Жошуатай WBA Super аваргын бүсний төлөө тулалдахаар болжээ. Энэ тулаан түүний мэргэжлийн карьерын дараагийн томоохон тулаан болох юм.
38 настай, WBC холбооны аварга асан Фьюри мэргэжлийн замналдаа 36 ялалт, хоёр ялагдал, нэг тэнцээтэй. Түүний хоёр ялагдал хоёулаа Александр Усикт, харин цорын ганц тэнцээ нь Деонтей Уайлдертай хийсэн тулаанд бүртгэгдсэн байна.
