“Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайгийн албан үүргийг 6 сараар түдгэлзүүлжээ

0 comments
Т.Даваадалай

Хахууль авах, мөнгө угаах хэрэгт холбогдон шалгагдсан Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай нарт холбогдох хэргийг АТГ мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа билээ. Уг хэрэгтэй холбоотойгоор “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайгийн албан үүргээ гүйцэтгэх эрхийг шүүхээс зургаан сарын хугацаатай түр түдгэлзүүлсэн байна.

Т.Мөнхдалай нь Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайгийн дүү бөгөөд дээрх хэрэгт хамжигчаар яллагдагчаар татагдсан гэх мэдээлэл байна. Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс түүний албан үүргээ гүйцэтгэх эрхийг түр хязгаарлах шийдвэр гаргажээ.

Хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүсийн талаар:

  • Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалай;
  • “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалай;
  • “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын “Тойрог авто зам” төслийн захирал А.Ербол;
  • “Авангард уран дизайн энд инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Билгүүн нарын нэр дурдагдаж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд дээрх нэр бүхий хүмүүсийг гадаад улсын хамтарсан түншлэлийн “Шинэ тойрог авто зам” төслийн урьдчилсан ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт болон ажлын явцтай холбогдуулан шалгасан байна. Тэд цаашид ажил гүйцэтгэхэд хууль бусаар давуу байдал олгох ашиг сонирхлын үүднээс ажлын даалгаврыг өөрчилсөн байж болзошгүй гэж үзжээ.

Т.Даваадалайг өөрийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Б.Анхтуяагийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжээр дамжуулан хийх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2025 оны дөрөвдүгээр сарын 9-нөөс мөн оны аравдугаар сарын 27-ны хооронд 5.2 тэрбум төгрөгийн хахууль авсан байж болзошгүй үндэслэлээр шалгасан байна. Мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж ашигласан, мөнгө угаасан гэх асуудалд холбогджээ.

Улмаар Т.Даваадалай, Т.Мөнхдалай, Н.Билгүүн нарыг цагдан хорьж шалгасан бөгөөд Т.Мөнхдалай, Н.Билгүүн нарыг өнгөрсөн долдугаар сард суллаж, хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон байна. Харин Т.Даваадалайг энэ сарын 08-ны өдөр суллаж, мөн хилийн хориг тавьсан гэх мэдээлэл байгаа юм.

Одоогоор уг хэрэг прокурорын шатанд хянагдаж байгаа бөгөөд шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байна. Тиймээс хэрэгт холбогдсон этгээдүүдийн гэм буруутай эсэхийг цаашдын шүүхийн шийдвэрээр тогтоох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй