Төв цэнгэлдэх хүрээлэнд Үндэсний их баяр наадмын хүчит 1024 бөхийн барилдаан албан ёсоор эхлэхийн өмнө бөхийн хүрээнийхний дунд нэгэн дуулиантай үйл явдал өрнөлөө. МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн шийдвэрээр барилдах эрхээ таван сараар хасуулаад байсан Улсын арслан Р.Пүрэвдагва наадамчин олноос уучлал хүсэж, наадмын дэвжээнд гарахаар болсон байна.
МҮБХ-ны тэргүүнд гомдлоо илэрхийлж, зодог тайлна гэв
Улсын арслан Р.Пүрэвдагва барилдаан эхлэхийн өмнө МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавт хандан өөрийн байр сууриа ширүүн илэрхийлжээ. Тэрбээр “Дүү нь одоо дахиж барилдахгүй юм чинь энд зодог тайлчихъя. Яагаад байгаа нь мэдэгдэхгүй, зөвхөн Пүрэвдагвыг барилдуулахгүй байгаарай гэсэн юм шиг санагдаж байна. 1024 бөхийн барилдаанд барилдах боломж бөхийн замналд хэд тохиолддог билээ” хэмээн бухимдлаа хуваалцсан байна. Өмнө нь тус зөвлөлийн ээлжит хурлаар Улсын арслан Р.Пүрэвдагва болон аймгийн арслан Я.Бумбаяр нарын гаргасан ёс зүйн зөрчлийг хэлэлцэж, Р.Пүрэвдагвын барилдах эрхийг таван сараар хасах шийдвэр гаргаад байсан юм.
Наадамчдын өмнө уучлал хүсэж, дэвжээндээ гарлаа
Үүсээд байсан маргаантай нөхцөл байдлын эцэст Улсын арслан Р.Пүрэвдагва зодог, шуудгаа өмсөн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээнээ гарч иржээ. Тэрбээр наадамчин олныхоо өмнө хүндэтгэл үзүүлж, албан ёсоор уучлал хүссэнээр энэ жилийн түүхэн ойн баяр наадмын барилдаанд зодоглох эрхтэй болов.
Уг үйл явдлын эргэн тойронд:
- Р.Пүрэвдагва эрх хасах шийдвэрийг эсэргүүцэн байр сууриа илэрхийлсний эцэст наадамд оролцох боломжтой боллоо.
- Тэрбээр 1024 бөхийн барилдааны нэгийн даваанд залуу бөх Д.Ган-Өлзийтэй оноолт тааран барилдахаар зүлэг ногоон дэвжээндээ гарчээ.
Хэл ам, маргаан дагуулсан эрх хасах шийдвэр ийнхүү наадмын өглөө өөрчлөгдөж, улсын цолтой хүчит арслан наадамчдаа баясгахаар зүлэг ногоон дэвжээндээ гарлаа.