В.Путин анх удаа Курилын арлуудад биечлэн очиж, Японы тал эрс эсэргүүцлээ

0 comments
В.Путин Курилын арлуудад очиж, Япон улс эсэргүүцэл зарлав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Курилын арлуудад анх удаа биечлэн очлоо. Үүнээс өмнө Оросын төр, засгийн тэргүүнүүд Курилд нийт дөрвөн удаа очиж байв. Дмитрий Медведев 2010 онд Ерөнхийлөгчийн хувиар, харин 2012, 2015, 2019 онуудад Ерөнхий сайдын хувиар тус тус айлчилж байсан бол 2021 онд Ерөнхий сайд Михаил Мишустин Итуруп аралд очиж байжээ.

В.Путин Курилд очсоноор Сибирь болон Алсад Дорнодод хийж буй ажлын айлчлалаа үргэлжлүүлж байна. Оросын төрийн тэргүүн 8-р сарын 10-нд Буриадын нийслэл Улаан-Үдэд, 11-нд Новосибирск хотод ажиллаж, 12-нд Өмнөд Сахалинд очихдоо Номхон далайн флотын гол хөлөг болох “Варяг” пуужинт крейсер дээр зочилж, флотын командлагч Виктор Лиинагийн сургуулилтын явцын талаарх илтгэлийг сонсжээ. Харин Курилын арлууд дахь Ерөнхийлөгчийн хөтөлбөрийн эхний цэг нь тус бүлэг арлын хамгийн том нь болох Итуруп дээрх загас боловсруулах цогцолбор байв.

Оросын Ерөнхийлөгч Итуруп аралд очсон тухай мэдээлэл хэдхэн минутын дотор Японд маш алдартай Х сүлжээний трендийн нэгдүгээрт бичигджээ. Эхний хагас цагийн дотор тус сүлжээний хэрэглэгчид энэ сэдвээр 2,000 гаруй жиргээ үлдээсэн байна. Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан уг мэдээг хэрэглэгчид идэвхтэй хуваалцаж, шүүмжилсэн, бүр уурлаж бухимдсан сэтгэгдлүүд хөвөрсөөр байна.

В.Путин анх удаа Курилын арлуудад биечлэн очиж, Японы тал эрс эсэргүүцлээ

Үүнтэй холбогдуулан Японы Гадаад хэргийн яам Путиний Итуруп руу хийсэн айлчлалыг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ. Тус яамнаас “Умардын газар нутаг” (Токио Курилын арлуудын өмнөд хэсэг болон Итурупийг ингэж нэрлэдэг) нь түүхэн болон хууль эрх зүйн үүднээс Японы уугуул нутаг дэвсгэр мөн гэдгийг онцолсон байна.

Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ мөн Курилын арлуудын өмнөд хэсгийг Японы уугуул газар нутаг гэж үздэгээ илэрхийлээд, энэхүү айлчлал нь “Японы байр суурьтай бүрэн зөрчилдөж байна” бөгөөд “Японы ард түмний сэтгэлд сэв суулгалаа” хэмээн шүүмжлэв.

“Бид үүнтэй холбогдуулан эрс эсэргүүцэл илэрхийлж байна. Умардын газар нутаг буюу Итурупийг оролцуулаад Курилын арлуудын өмнөд хэсэг нь түүхэн болон хууль эрх зүйн үүднээс Японы уугуул газар нутаг мөн.”Санаэ Такаичи

Москва, Токио хоёр Дэлхийн 2-р дайны дараах энхийн гэрээ байгуулах зорилгоор өнгөрсөн зууны дунд үеэс эхлэн хэлэлцээ хийсээр ирсэн. Үүнд саад болж буй гол хүчин зүйл нь Курилын арлуудын өмнөд хэсгийн эзэмшлийн маргаан юм. Дайн дууссаны дараа тус арлууд бүхэлдээ ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон ч Япон улс Итуруп, Кунашир, Шикотан болон хүн амьдардаггүй жижиг арлуудын бүлгийг өөрийн эзэмшлийнх хэмээн маргасаар байдаг билээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй