Ираны эрх баригчид АНУ-тай хийж буй дайныг зогсоохын тулд уран баяжуулах хүчин чадлаа мэдэгдэхүйц бууруулах ёстой гэж АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнс Reuters агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
“Хэрэв та цөмийн зэвсэгтэй болохыг хүсэхгүй байгаа юм бол яагаад 60% хүртэл баяжуулсан түлш хэрэгтэй гэж? Хэрэв цөмийн зэвсэг бүтээхээс татгалзаж байгаагаа харуулахыг хүсэж байгаа бол өндөр баяжуулсан түлш үйлдвэрлэх хэрэггүй. Энэ бол [мөргөлдөөнийг зогсооход] маш чухал, суурь асуудал. Хэрэв тэд цөмийн зэвсэг бүтээхээс татгалзаж байгаагаа харуулахыг хүсэж байгаа бол уран баяжуулах хүчин чадлынхаа талаар бодитой алхам хийх ёстой гэж би үзэж байна” гэж Вэнс хэлжээ.
Түүний хэлснээр, АНУ гэрээ байгуулахад нээлттэй хэвээр байгаа ч Иранаас цөмийн хөтөлбөрийн асуудлаар тодорхой буулт шаардана.
“Бид үгийг үйлдэлтэй сольж тооцохгүй” гэж дэд ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Вэнсийн тайлбарласнаар, Вашингтон Тегеранд яг хэн шийдвэр гаргадагт эргэлзэж байгаа нь нөхцөл байдлыг хүндрүүлж байна. Тэрээр АНУ Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкиан болон Гадаад хэргийн сайд Аббас Арагчитай хэлэлцээ хийж байгааг хэлжээ. Гэхдээ Ираны эрх мэдлийн тогтолцоонд тэдний нөлөө хэр их болох нь тодорхойгүй гэж Вэнс үзсэн байна.
“Бидний анзаарсан зүйлсийн нэг нь тэдний улсад шийдвэр яг хэрхэн гардаг нь төдийлөн тодорхой биш байгаа явдал” гэж тэр хэлжээ.
АНУ болон Израил 2-р сарын 28-нд Ирантай дайн эхлүүлсэн гэж эх сурвалжид дурдсан байна. 6-р сард Вашингтон, Тегеран бүх фронтод, тэр дундаа Ливанд байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ.
Гэвч 7-р сарын 8-нд шилжих шөнө АНУ Иранд дахин өргөн хүрээтэй цохилт өгч, Ормузын хоолойтой холбоотой тохиролцооны нөхцөлийг зөрчсөн гэж Тегераныг буруутгасан байна.
Ормузын хоолойгоор дэлхийн нефтийн худалдааны ойролцоогоор 25%, шингэрүүлсэн байгалийн хийн худалдааны 20 орчим хувь тээвэрлэгддэг.
Үүний дараа АНУ-ын засаг захиргаа Ираны эсрэг өргөн хүрээтэй цэргийн хүч хэрэглэхээ зогсоож, хориг арга хэмжээний тусламжтайгаар эдийн засгийн дарамт үзүүлэх бодлогод шилжиж буйгаа бодитоор илэрхийлсэн гэж эх сурвалжид өгүүлжээ.
