Японы Маэбаси хотод сургууль руугаа дугуйгаар явж байсан ахлах ангийн сурагчийг баавгай хөөжээ. Уг хэрэг 11-р сарын 19-ний пүрэв гарагийн өглөө орон сууцны хорооллын дунд болсон бөгөөд хяналтын камерт бичигдсэн гэж News on Japan мэдээлсэн байна.
Бичлэгт том биетэй баавгай булангийн цаанаас гэнэт гарч ирээд өсвөр насны хүүгийн араас хөөж буй нь харагджээ. Сурагч амьтныг анзаармагцаа хурдаа нэмж, зугтаж чадсан бөгөөд гэмтэл авалгүй аюулгүй газар хүрснийхээ дараа цагдаад мэдэгдсэн байна.
Мэргэжилтнүүдийн таамгаар, сурагчийг хөөсөн амьтан 130 см орчим урттай эм баавгай байж болзошгүй бөгөөд түүний бамбаруушийг хоёр хоногийн өмнө барьсан аж. Тэр үед мөн энэ бүсэд хоёр баавгай нутгийн нэг оршин суугч руу дайрч, гэмтэл учруулсан байна.
Тухайн хэрэг явдлын дараа нэг баавгайг барьсан ч нас бие гүйцсэн амьтан зугтаж чаджээ. Иймээс шинэ тохиолдлыг өмнөх дайралттай холбоотой байж болзошгүй гэж үзэж байна.
20 сургуулийг нэг өдрийн хугацаанд хаажээ
Шинэ хэрэг гарсны дараа цагдаа нар анчид болон тусгай бамбайтай 20 алба хаагчийг оролцуулан эрэн хайх ажиллагаа эхлүүлжээ. Баавгайн мөрийг голын ойролцоо илрүүлсэн ч амьтныг барьж чадаагүй байна.
Аюул арилаагүй хэвээр байсан тул Маэбаси хотын захиргаа 11-р сарын 20-нд бүх хотын бага болон дунд сургуулийг хаах шийдвэр гаргажээ. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж, оршин суугчдад болгоомжтой байхыг анхааруулсан байна.
