Азийн шилдэг тамирчдыг нэг дор цуглуулж, улс хоорондын өрсөлдөөн өрнүүлсэн “Physical: Asia” шоу үргэлжлэхээр боллоо. “Netflix” стриминг платформ тус шоуны хоёрдугаар улирлыг “Physical: Asia 2 – Unbroken” нэрээр 2027 онд дэлхийн үзэгчдэд хүргэхээ албан ёсоор зарлажээ.
Анх 2023 онд үзэгчдийн хүртээл болсон “Physical: 100” цувралыг олон улсын хэмжээнд өргөжүүлсэн “Physical: Asia” шоу 2025 онд цацагдаж, олон орны үзэлтийн жагсаалтыг тэргүүлсэн юм.
Хоёрдугаар улиралд юу өөрчлөгдөх вэ
Шинэ улиралд Азийн улс орнуудын шилдэг тамирчид эх орноо төлөөлөн хүч чадал, хурд, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, багийн ажиллагаагаараа өрсөлдөнө. Харин зохион бүтээгчид өмнөх улирлын даалгавруудыг давтахгүйгээр тэмцээний орчин, сорилт, өрсөлдөөний стратегийг шинэчлэхээр төлөвлөжээ.
Шоуны эхний улирлыг найруулсан Жан Хо Ги үргэлжлүүлэн ажиллах бөгөөд тэрбээр шинэ улирлын талаар:
“Бид өмнөх улирлуудаас тэс өөр ертөнцийг бүтээж, ‘Physical’ цувралын шинэ онцлог болж чадах сорилтуудыг боловсруулсан. Зөвхөн цар хүрээг нэмэгдүүлэх бус, улс хоорондын өрсөлдөөний форматаас үүдэх шинэ стратеги, тулааны хослол, урьдчилан таамаглахын аргагүй үр дүнг үзүүлэхийг зорьж байна” хэмээн мэдэгджээ.
Монголын баг дахин оролцох эсэх тодорхойгүй байна
Хоёрдугаар улиралд өрсөлдөх улс орнууд, тамирчдын нэрс болон багийн бүрэлдэхүүнийг “Netflix” хараахан зарлаагүй байна. Тиймээс Монгол Улс шинэ улиралд төлөөллөө оролцуулах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
“Physical: Asia”-гийн улс хоорондын өрсөлдөөний формат нь тамирчдын хувийн бэлтгэлээс гадна багийн зохион байгуулалт, тактикийн шийдлийг чухалчилдгаараа онцлог. Шинэ улиралд сорилтуудыг бүрэн өөрчлөхөөр төлөвлөсөн нь өмнөх туршлагаас илүүтэй дасан зохицох чадвар, багийн стратегийг өрсөлдөөний шийдвэрлэх хүчин зүйл болгож мэдэх юм.

2 comments
Эхний улирал нь үнэхээр сонирхолтой болсон шүү
Өөр форматаар гарна гэхээр бүр ч гоё болох байх даа