УИХ-ын чуулганаар хэлэлцсэн Үндэсний аудитын дүгнэлтээс харахад Улаанбаатар хот 2024 онд олон улсын зах зээлээс 500 сая ам.долларын бонд гарган төвлөрүүлсэн ч түүний ихэнх хэсгийг арилжааны банкнуудад хадгалуулсан бөгөөд улмаар 5.7 тэрбум төгрөгийн алдагдалд оржээ.
Бондын гол зорилго нь “Сэлбэ дэд төв”-д суурилсан гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл байв. Гэвч уг төсөл эхлээгүй тул 500 сая ам.доллараас 400 саяыг нь дотоодын 7 банканд ₮1.3 их наяд болгон хөрвүүлж хадгалсан бол үлдсэн 100 сая ам.долларыг валютын хадгаламж болгон байршуулав.
Харин жилийн эцэст:
- 11.6 тэрбум төгрөгийн хүүгийн орлого бүртгэгдсэн ч,
- 14.7 тэрбумын хуримтлагдсан хүү, 2.6 тэрбумын ханшийн зөрүү хүлээн,
- нийт 5.7 тэрбум төгрөгийн алдагдал үүссэн байна.
Аудитын дүгнэлт:
- Тус бонд нь Монгол Улсын өрийн багцын 5.2%-ийг бүрдүүлж буй.
- Өрийн удирдлагын тухай хууль зөрчсөн: Төслийн санхүүжилт зориулагдсан бондын мөнгийг ашиглалгүйгээр банканд хадгалсан нь хуульд нийцээгүй гэж дүгнэжээ.
- Бонд гаргах шийдвэр эрсдэлийн үнэлгээг үл харгалзан гарсан.
- Орон нутгийн түвшинд нийт ₮798.3 тэрбумын дотоод үнэт цаас гаргаснаас 44% нь ашиглагдаагүй, банкны дансанд үлдсэн.
Аудитын зөвлөмж:
- Санхүүгийн сахилга бат, өрийн хяналтыг чангатгах
- Зөвхөн хэрэгжих бэлэн төслүүдэд зээл авч, бонд гаргах
- Хууль зөрчсөн хэлбэрээр өр нэмэхгүй байх бодлого баримтлах шаардлагатай гэж онцолсон.