Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч Садыр Жапаровын урилгаар 2025 оны долдугаар сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр болжээ.
Энэхүү айлчлал нь хоёр орны уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэх, бүс нутаг болон олон улсын тавцанд хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал үйл явдал болох юм.
Айлчлалын хүрээнд Монгол, Киргизийн төрийн тэргүүнүүд ганцаарчилсан уулзалт хийж, улмаар албан ёсны хэлэлцээ өрнүүлнэ. Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааг стратегийн хүрээнд өргөжүүлэх, байгаль орчин, хөдөө аж ахуй, хууль эрх зүй зэрэг салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэж, холбогдох баримт бичгүүдэд гарын үсэг зурах төлөвтэй байна.
Монгол Улс, Киргиз Улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр орны хоорондын хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж байна.
2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ерөнхийлөгч Садыр Жапаров Монгол Улсад айлчилсан нь хоёр орны харилцааны шинэ шатны эхлэл болсон юм. Тэр үеэр хоёр тал “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан билээ.
Мөн тухайн айлчлалын үеэр нийслэл хотууд хооронд ах дүүгийн харилцаа тогтоох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөтгөх чиглэлээр баримт бичгүүдийг баталж, бодит үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан.
2025 оны энэ удаагийн төрийн айлчлал нь өмнөх уулзалтуудын үргэлжлэл бөгөөд хоёр орны итгэлцэл, найрамдлыг улам бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чухал алхам болно гэдэгт анхаарал хандуулж байна.