Кембрижийн их сургуулийн эрдэмтэд хиймэл оюун ухаан (AI) ашиглан, ирээдүйд гарч болзошгүй тахлаас урьдчилан сэргийлэх чадвартай шинэ төрлийн “супер вакцин” бүтээжээ. Энэхүү бүтээл нь вакцины үндсэн найрлагыг хиймэл оюун ухаанаар бүрэн зохион бүтээж, улмаар хүн дээр туршиж буй дэлхийн анхны тохиолдол болж байгаагаараа шинжлэх ухааны салбарт томоохон эргэлт авчирч байна.
Мутацийн ард биш, урд нь алхах “Супер антиген” технологи
Уламжлалт вакцинуудыг тухайн үед тархаж буй вирусийн дээж дээр суурилан хийдэг тул вирус хурдан мутацид орох үед вакцины үр нөлөө буурч, тогтмол шинэчлэх шаардлага тулгардаг. Профессор Жонатан Хинигээр удирдуулсан Кембрижийн баг энэхүү идэвхгүй алхмыг өөрчилж, вирусийн ирээдүйн хувилбаруудаас “түрүүлж алхах” тактикийг сонгожээ.
Эрдэмтэд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дараах шийдлийг ашигласан байна:
- Генетикийн мэдээллийн сан: Олон төрлийн коронавирусийн генетикийн асар том мэдээллийг цуглуулсан.
- AI-ийн шинжилгээ: Хиймэл оюун ухаан нь эдгээр мэдээлэлд дүн шинжилгээ хийж, вирусийн омгуудын дундах хамгийн нийтлэг шинж чанаруудыг илрүүлсэн.
- Супер антиген: AI-ийн гаргаж авсан эдгээр нийтлэг шинж чанарт тулгуурлан “супер антиген” хэмээх шинэ бүрэлдэхүүн хэсгийг зохион бүтээжээ.
Төслийн гол давуу тал: Энэхүү супер антиген нь хүний дархлааны системийг зөвхөн нэг төрлийн вирус биш, тухайн вирусийн бүхэл бүтэн бүлгийг (ялангуяа “Covid-19”-ийн бүх хувилбар болон амьтнаас хүнд дамжиж болзошгүй шинэ коронавирусийг) таньж, хамгаалах чадварт сургадаг байна.
Туршилтын явц болон дараагийн байнууд
Шинэ технологийн эмнэлэгийн туршилтууд амжилттай шатандаа шилжиж байна: Нэгдүгээр шат: Вакцины аюулгүй байдлыг шалгах зорилгоор эхний ээлжинд 39 хүнийг хамруулан туршсан. Хоёрдугаар шат: Одоогийн байдлаар 200 орчим хүнийг хамарсан дараагийн шатны судалгаа идэвхтэй үргэлжилж байна.
Хэдийгээр вакцины дархлаа өдөөх нөлөө одоогоор тодорхой хязгаарлагдмал түвшинд байгаа ч эрдэмтэд энэ технологийн суурийг маш ирээдүйтэй гэж үзэж байгаа юм. Кембрижийн их сургуулийн судлаачид яг үүнтэй ижил зарчмаар дараах вакцинуудыг боловсруулах ажлыг аль хэдийн эхлүүлээд байна:
- Жил бүр шинэчлэх шаардлагагүй бүх нийтийн томуугийн вакцин
- H5N1 шувууны томуугийн вакцин
- Эбола зэрэг цусархаг халууралтын аюулт вирусийн эсрэг вакцинууд
Эх сурвалж: BBC