Япон Улсын Айчи муж болон Нагояа хотод есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улс өргөн бүрэлдэхүүнтэй оролцохоор болжээ. Манай улсаас спортын 31 төрөлд нийт 303 тамирчин өрсөлдөж, тивийн шилдэг тамирчидтай хүчээ сорих юм.
Азийн наадмын энэ удаагийн тэмцээн “Imagine One Asia” уриатайгаар зохион байгуулагдана. Наадамд Азийн 45 Үндэсний олимпын хорооны 15 мянга орчим тамирчин, дасгалжуулагч болон албаны төлөөлөгч оролцож, нийт 469 багц медалийн төлөө өрсөлдөхөөр байна.
Монголын багийн бүрэлдэхүүнд таеквондогийн зургаан тамирчин багтаж, тивийн наадмын эрхээ аваад байгаа аж. Тулааны төрөлд Б.Учрал, Б.Мөнхжин, Г.Энхчимэг, Ё.Пүрэвдаш, Г.Энхбаяр нар өрсөлдөх бол пүмсэ төрөлд Л.Бадам Монгол Улсаа төлөөлөн оролцоно.
Таеквондогийн шигшээ багийн бэлтгэл сургуулилтыг Хур Инёон, И Жаевон болон Э.Буяншагай нар удирдаж байна. Тамирчид тэмцээн эхлэх хугацаа ойртож буйтай холбоотойгоор бэлтгэлийн ачааллаа нэмэгдүүлж, сүүлийн шатны сургуулилтаа хийж байгаа аж.
Мөн Монголын багийн тамирчид Азийн наадамд өмсөх албан ёсны хувцас болон тэмцээнд шаардлагатай хэрэгслүүдээ хүлээн авчээ. Тэд эх орноо төлөөлөн Азийн спортын хамгийн томоохон наадмуудын нэгэнд өрсөлдөхөөр бэлтгэлээ үргэлжлүүлж байна.
“Айчи-Нагояа 2026” нь Азийн наадмын 20 дахь удаагийн тэмцээн гэдгээрээ онцлог. Япон Улсын хувьд тус наадмыг гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд өмнө нь 1958 онд Токио, 1994 онд Хирошима хот Азийн наадмыг хүлээн авч байжээ.
