Монголын балетын урлагийн анхдагчдын нэг А.В.Хабаева-Барсболд таалал төгслөө

0 comments
Балетмейстер, судлаач А.В.Хабаева-Барсболд таалал төгслөө

Монгол Улсын мэргэжлийн балетын урлагийн хөгжлийн үндэс суурийг тавихад үнэтэй хувь нэмэр оруулсан балетмейстер, багш, судлаач А.В.Хабаева-Барсболд (1930–2026) таалал төгслөө. Тэрбээр Монголын балетын урлагийг үндэслэгчдийн нэг байгаад зогсохгүй дүрслэх урлагийг судлан баримтжуулах, олон улсад сурталчлахад насан туршийн мэдлэг, чадвараа зориулсан нэрт сэхээтэн байв.

Монголын балетын урлагийн үндсийг тавьсан нь

Алла Викторовна Хабаева 1930 онд ОХУ-ын Эрхүү хотод төрсөн бөгөөд Москва хотын А.В.Луначарскийн нэрэмжит Театрын урлагийн улсын дээд сургуулийг (ГИТИС) найруулагч-балетмейстер мэргэжлээр төгсжээ.

1950-иад оны дунд үеэс Монгол Улсад уригдан ирж, Улсын Хөгжимт драмын театрт балетмейстер, багшаар ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр 1956 онд Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” балетыг Монголын тайзнаа анх дэглэн тавьсан нь мэргэжлийн балетын хөгжпийн түүхэнд тод үлдсэн түүхэн үйл явдал болсон юм.

Түүнчлэн 1960-аад онд Ж.Зоринагийн “Сонгино хүү” (1965), Ц.Пунийн “Эсмеральда” (1967) зэрэг балетын бүтээлүүдийг дэглэн найруулж, “Тэмцэл”, “Фауст”, “Алеко” зэрэг дууриудын бүжгийн хэсгийг боловсруулан Монголын тайзны урлагийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулжээ.

Дүрслэх урлагийн салбар ба судалгааны өв

А.В.Хабаева нь 1980–1989 онуудад Монголын Урчуудын Эвлэлд архивын эрхлэгч, номын санчаар ажиллах хугацаандаа Монголын дүрслэх урлагийн түүхийг баримтжуулах, сурталчлах чиглэлээр 150 орчим өгүүлэл бичиж, дотоодын болон ОХУ, Унгарын хэвлэлүүдэд нийтлүүлсэн байна.

Түүний судалгааны гол бүтээл болох 2005 онд хэвлэгдсэн “Мөнх хөх тэнгэрийн орны дүрслэх урлаг” (Изобразительное искусство страны вечного синего неба) ном нь Монголын XX зууны дүрслэх урлаг болон уран бүтээлчдийн өвийг судлахад үнэ цэнтэй эх сурвалж болон үлдсэн юм.

Талийгаачийн гэгээн дүр, түүний бүтээсэн үйлс Монголын урлагийн түүхэнд мөнхрөн үлдэх бөгөөд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын нийт уран бүтээлч, ажилтан албан хаагчдын нэрийн өмнөөс түүний гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй