“Алтан цом” эргэн ирнэ: Шинэ улирал арваннэгдүгээр сарын 7-нд эхэлнэ

0 comments
“Алтан цом” эргэн ирнэ: Шинэ улирал арваннэгдүгээр сарын 7-нд эхэлнэ

Монгол бөхийн багийн өрсөлдөөнийг шинэ өнгө төрхөөр хөгжүүлж буй “Алтан цом” барилдааны 2026–2027 оны шинэ улирал арваннэгдүгээр сарын 7-нд эхлэхээр болжээ.

Шинэ улирлын бэлтгэл ажлын хүрээнд Монголын Үндэсний бөхийн холбоо оролцогч багуудын төлөөллийг нэгтгэсэн уулзалт зохион байгуулж, тэмцээний журам, зохион байгуулалт, өрсөлдөөний хэлбэр болон цаашдын хөгжлийн талаар санал солилцсон байна.

Уулзалтын гол зорилго нь “Алтан цом”-ын барилдааныг илүү өрсөлдөөнтэй, чанартай болгохын зэрэгцээ багуудын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.

Өмнөх улирлын багуудын 60 орчим хувь оролцоно

2026–2027 оны шинэ улиралд өмнөх “Алтан цом”-д оролцож байсан багуудын 60 орчим хувь нь дахин хүч үзэхээ мэдэгдээд байна.

Үүнээс гадна шинэ байгууллага, клубүүдийг тэмцээнд татан оролцуулах санал гарч, оролцогч талууд энэ чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгджээ.

Шинэ багууд нэмэгдсэнээр өрсөлдөөний хүрээ тэлж, баг бүр өөр бүрэлдэхүүн, тактик, барилдааны шинэ хувилбаруудыг ашиглах боломж бүрдэх юм.

Ингэснээр энэ улирлын “Алтан цом” өмнөхөөсөө илүү өргөн бүрэлдэхүүнтэй, өрсөлдөөн өндөртэй болох хүлээлт үүсээд байна.

Нэгдсэн уулзалтад “М Си Эс Групп” ХХК, “МИГ Даатгал” ХХК, “Хатант Интернэшнл” ХХК, “Шунхлай спорт клуб”, “Макс Групп”, “Нэгдэл Клуб”-ийн төлөөлөгчид оролцжээ.

Багууд тэмцээний дүрэм журмыг боловсронгуй болгох, зохион байгуулалтыг сайжруулах, барилдааны чанар болон үзэгчдийн сонирхлыг нэмэгдүүлэх боломжуудын талаар санал солилцсон байна.

“Алтан цом” барилдаан нь үндэсний бөхийн уламжлалт ганцаарчилсан өрсөлдөөнд багийн тактик, хамтын ажиллагааны элемент нэмсэн онцлогтой тэмцээн юм.

Иймээс шинэ багуудын оролцоо, бүрэлдэхүүний өөрчлөлт, тактикийн шинэчлэл нь 2026–2027 оны улирлын гол сонирхол татах зүйлсийн нэг болох төлөвтэй байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй