Table of Contents
Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагналт, ахмад уран бүтээлч Ранжилын Ариунболд 2026 оны аравдугаар сарын 19-нд таалал төгсжээ.
1961 онд төрсөн тэрбээр дүрслэх урлаг, арьсан урлал, урлаг судлалын чиглэлээр олон арван жил ажиллаж, уран бүтээл туурвихын зэрэгцээ багш, сурган хүмүүжүүлэгчээр ажилласан байна.
Арьсан урлагийн шинэчлэлд хувь нэмэр оруулжээ
Р.Ариунболд 1981 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг арьсан урлагийн мэргэжлээр, 1988 онд УБДС-ийг уран зургийн мэргэжлээр төгсөж, 1998 онд СУИС-д урлаг судлалын магистрын зэрэг хамгаалжээ.
Тэрбээр 1989 оноос мэргэжлийн зураачдын үзэсгэлэнд тогтмол оролцож, арьсан хөөмөл, металл болон бусад материалыг хослуулсан бүтээлүүдээрээ танигдсан байна.
1989 оны Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнд “Эртний хүмүүс”, 1990 оны “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн үзэсгэлэнд “Есүхэй мэргэн”, “Алунгоо”, “Олз” бүтээлүүдээр оролцож, тэргүүн байр эзэлж байжээ.
“Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд ажиллаж байв
Р.Ариунболд 1989-1991 онд “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд туслах зураачаар ажиллаж, Тэргүүн бүтээлийн шагнал хүртсэн байна.
Түүний “Улаач”, “Бөртэ чоно”, “Сорхон шар”, “Цагаан шонхор”, “Элч”, “Гурван савдаг”, “Эрэлчин”, “Орчин”, “Өглөө”, “Сахиус” зэрэг бүтээлүүд үзэгчдэд хүрч байжээ.
Тэрбээр ардын урлаг, эртний нүүдэлчдийн бэлгэдэл, түүхэн сэдвийг орчин үеийн арьсан урлагийн хэлбэртэй хослуулан хөгжүүлснээрээ онцлог уран бүтээлч байсан юм.
Том хэмжээний түүхэн бүтээлүүд туурвижээ
Р.Ариунболдын томоохон бүтээлүүдийн нэг нь 1999-2001 онд бүтээсэн 7х3 метрийн хэмжээтэй “Хөх монгол” юм.
Мөн 2010-2014 онд 7х2 метрийн хэмжээтэй “Нахуу гүний тулалдаан” бүтээлээ туурвисан бөгөөд сүүлийн арваад жил түүхэн сэдэвт цуврал бүтээл, олон арван эскиз дээр ажиллаж байжээ.
Тэрбээр 2002 онд БНХАУ-д “Тэнгэрийн хүлэг”, 2003 онд Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Амин нутгийн сүлд”, 2007 онд ОХУ-ын Эрхүү хотод “Кони…Кони…Кони”, 2014 онд “Хөх язгуур” бие даасан үзэсгэлэнгээ тус тус гаргажээ. Мөн Монгол, Орос, Хятад, БНСУ-д зохион байгуулагдсан олон улсын болон хамтарсан үзэсгэлэн, биеннальд бүтээлээрээ оролцож байсан байна.
Олон шагнал, одон хүртжээ
Түүний уран бүтээл, дүрслэх урлагт оруулсан хувь нэмрийг үнэлж:
- 2002 онд Монголын Урчуудын Эвлэлийн нэрэмжит шагнал
- 2005 онд Соёлын тэргүүний ажилтан
- 2010 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
- 2013 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2018 онд Цагаан Сүлд одон
- 2019 онд Алтан гадас одон
- 2022 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон тус тус хүртээжээ.
Монголын дүрслэх урлаг, арьсан урлал, урлагийн боловсролын салбарт олон жил ажилласан Р.Ариунболдын бүтээлч өв, сурган хүмүүжүүлэх үйл хэрэг урлагийн салбарынханд дурсагдан үлдэнэ.
