Дэлхийн хүнсний форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмэр оруулж буй 100 эмэгтэйг алдаршуулах арга хэмжээ болж, Монгол Улсаас Ховд аймгийн Дарви сумын “Баялаг Сутайн хөгжил” хоршооны дарга Х.Алтанцэцэг нэрлэгджээ.
Тэрбээр 90 орчим малчин өрхийг нэгтгэн, нутгийн Сутай хонины үүлдрийг хамгаалах, сайжруулах чиглэлээр ажиллаж байгаа юм.
Уламжлалт маллагааг орчин үеийн менежменттэй хослуулжээ
Х.Алтанцэцэгийн удирддаг хоршоо уламжлалт мал маллагааны мэдлэгийг орчин үеийн үржүүлэг, мал аж ахуйн менежменттэй хослуулан нэвтрүүлж байна.
Үүний хүрээнд малчин өрхүүд сүргийн менежментээ сайжруулж, тэжээл үйлдвэрлэл болон зах зээлд чиглэсэн арга барил нэвтрүүлснээр орлогоо нэмэгдүүлэх, ган, зудын эрсдэлийг даван туулах чадавхаа бэхжүүлэхэд анхаарчээ.
Эмэгтэйчүүд, залуусын оролцоог дэмждэг
Х.Алтанцэцэг малчдын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ эмэгтэйчүүд, залуусын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажилладаг байна.
Түүний туршлага нь малын генетик нөөцийг хамгаалах, малчдын амьжиргааг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийг даван туулахад орон нутгийн хоршоолол болон эмэгтэйчүүдийн манлайлал ямар үүрэгтэйг харуулж байгаагаараа онцлог гэж танилцуулжээ.
Х.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын 100 эмэгтэйн нэгээр нэрлэгдсэнээр Монголын малчдын туршлага, хоршооллын үйл ажиллагаа, нутгийн малын үүлдэр угсааг хамгаалах ажлыг олон улсад таниулах боломж нэмэгдэж байна.
