Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням улс оронд тулгараад буй шатахууны нийлүүлэлтийг тогтворжуулах, импортыг тасалдуулахгүй байх зорилгоор ОХУ-ыг зорин яриа хэлэлцээ хийхээр болсноо цахим хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Тэрээр Москва дахь уулзалтуудын дараа БНКАУ (Казахстан) болон БНХАУ-д үргэлжлүүлэн ажиллаж, шатахуун нийлүүлэлтийн асуудлыг хэлэлцэх юм.
Салбарын сайд өөрийн цахим хуудаснаа тулгараад буй нөхцөл байдлын талаар дараах тайлбарыг өгчээ.
“Маргааш Москва явна. Салбар хариуцсан нэг жилийн хугацаанд ес дэх нь болж байна даа. Яриа хэлэлцээ, харилцаа тасралтгүй ажиллагааны үр дүнд дизель түлшний үнийн өсөлтийг зогсоох, хоёрдугаар сараас хойш хэзээ мөдгүй тасалдах эрсдэлтэй байсан импортыг залгуулсаар л ирэв. АНУ-Ираны зөрчил, Ормузын хоолойн хямрал, Орос-Украины зөрчилдөөн гээд ‘Дэлхийн эрчим хүчний агентлаг’-ийн мэдэгдсэнээр урьд өмнө нь хэзээ ч болж байгаагүй хүнд хэлбэрийн газрын тосны хямралтай цаг үеийг туулж байна. Нөхцөл байдлыг удахгүй сайжруулахын төлөө хичээнэ. Нийт газар нутгийнхаа 90 хувьд шатахууны хомсдол, хязгаарлалттай байгаа ч сайн хөршийн харилцаагаа хүндэтгэж бидэнд тусалсаар байгаа ОХУ-ын нөхдөдөө талархахаас аргагүй. Тэндээс Казахстан, тэгээд шууд Бээжин. Мөн л хэд хэд очиж шатахуун ярина.”
— Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням
Дэлхий нийтийг хамраад буй геополитикийн хямралын улмаас газрын тосны зах зээлд хүндрэл үүссэн ч дотоодын зах зээлийн хомсдолыг бууруулах, нийлүүлэлтийн гэрээнүүдийг баталгаажуулахаар ийнхүү гурван улсад шат дараатай ажиллахаар төлөвлөөд байна.