Францын Бордо хотод хүрэлцэн ирсэн “Ambition” аяллын хөлөг онгоцон дээр норовирусын халдвар дэгдэж, нэг хүн нас барсантай холбогдуулан 1,700 орчим хүнийг тусгаарлаад байна. Энэ талаар “Sud Ouest” сонин мэдээллээ.
Нас барсан зорчигч нь 90 гаруй насны Их Британийн иргэн байсан бөгөөд тэрээр норовирусын гаралтай гастроэнтерит (ходоод гэдэсний цочмог үрэвсэл) өвчний улмаас таалал төгсжээ. Одоогоор хөлөг онгоц дээрх 50 орчим зорчигч болон багийн гишүүдэд ижил төрлийн өвчний шинж тэмдэг илрээд байгаа тул хөлөг дээрх бүх хүнийг тусгаарласан байна.
Уг хөлөг онгоц Шетландын арлуудаас аялалдаа гарч Белфаст, Ливерпүүл болон Францын Брест хотуудад зогсоод Бордо хотод иржээ.
Орон нутгийн префектурын шийдвэрээр хөлөг онгоц руу эмнэлгийн тусгай баг илгээж, зорчигчдоос шинжилгээ авч эхэлсэн байна. Шинжилгээний эцсийн хариу гартал зорчигч болон багийн гишүүдийг хөлгөөс буухыг хатуу хоригложээ.
Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр, энэхүү халдвар нь хантавирустай ямар ч холбоогүй бөгөөд хөлөг онгоцны битүү орчинд халдварт гастроэнтерит хурдацтай тархсан тохиолдол гэж үзэж байна.