Microsoft-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийн охин Фиби Гейтс cookie stuffing гэх залилангийн схемтэй холбоотой асуудлаас болж 20 жил хүртэл хорих ялтай тулгарч болзошгүй гэж LADbible Bloomberg-ийн мөрдөн шалгах материалд тулгуурлан мэдээлжээ.
23 настай Фиби Гейтс София Кианнитай хамтран Phia нэртэй сервис байгуулсан байна. Энэ нь хувцас, аксессуар худалдан авах үед хямдрал хайхад тусалдаг браузерийн өргөтгөл бөгөөд хэрэглэгч уг сервисээр дамжуулан худалдан авалт хийвэл компани шимтгэл авдаг аж.
Phia-г өөрт хамааралгүй борлуулалтын шимтгэл авсан гэж сэжиглэж байна
Bloomberg-ийн мэдээлснээр, Phia сервис нь бодитоор оролцоогүй худалдааны шимтгэлийг өөртөө хамааруулсан байж болзошгүй гэж сэжиглэгдэж байна. Тухайлбал, өргөтгөл нь хэрэглэгч Phia-ийн функцуудыг ашиглаагүй үед ч автоматаар түншлэлийн cookies суулгаж байсан байж магадгүй аж.
6-р сард Phia өөртөө хамааруулсан борлуулалтын барааны үнийн ойролцоогоор 51% нь ийм төрлийн ажиллагаатай холбоотой байсан гэж Bloomberg мэдээлжээ.
Маргаантай функцийг 7-р сарын эхээр унтраасны дараа компанийн өдөр тутмын орлого 80 мянган ам.доллараас 10 мянган ам.доллар орчим болж буурсан гэж хэвлэлд дурдсан байна.
Компанийн зүгээс мөнгө буцааж эхэлсэн гэж мэдэгджээ
Phia-ийн төлөөлөгчид буруу шимтгэл тооцоход хүргэсэн функцуудыг аль хэдийн устгасан бөгөөд түншүүдэд мөнгийг нь буцааж эхэлсэн гэж мэдэгдсэн байна.
Америкийн хуульч Ариэль Гивнерийн тайлбарласнаар, cookie stuffing нь АНУ-д цахим холбоо ашигласан залилан буюу wire fraud гэж ангилагдах боломжтой. Ийм тохиолдолд хамгийн дээд ял 20 жил хүртэл хорих байж болох ч эцсийн шийдвэр нь хэргийн тодорхой нөхцөл байдал болон шүүхээс хамаарна.
Фиби Гейтсийг Phia-тай холбоотой залилангийн асуудлаар 7-р сард ч мөн буруутгаж байсан. Тухайн үед стартап нь өөрийн оролцоогүй худалдан авалтаас шимтгэл авсан байж болзошгүй гэж мэдээлж байв. Харин компанийн зүгээс уг асуудлын талаар мөрдөн шалгах материал нийтлэгдэхээс өмнөхөн л мэдсэн гэж тайлбарласан байна.