Сэлэнгэ, Төв, Хэнтийн хойд нутгаар маргааш усархаг аадар бороо орно

0 comments
Цаг агаар

Наймдугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Булганы нутаг болон Сэлэнгийн баруун хэсгээр бороо орох төлөвтэй байна. Харин наймдугаар сарын 14-ний өдөр Сэлэнгийн нутаг, Төв, Хэнтийн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орохыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.

Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус байна. Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд, зүүн хэсгээр +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан хононо.

Өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +18…+23 градус дулаан байна. Харин Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар +30…+35 градус хүрч халах бол бусад нутгаар +24…+29 градус дулаан байх төлөвтэй.

Ойрын өдрүүдийн хур тунадасны төлөв:

  • 15-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар;
  • 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр;
  • 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр;
  • 18-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр байх боловч нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна. Иймд дуу цахилгаантай аадар борооны үеэр иргэд, малчид, тээвэрчид болзошгүй үер ус, салхи шуурганаас сэрэмжлэх шаардлагатай.

Цаашид шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус байна. Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байх бол өдөртөө ихэнх нутгаар +24…+29 градус дулаан байна.

Харин 17-нд төвийн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүсэх төлөвтэй байна. Бороо үргэлжлэн орох нутгуудаар замын нөхцөл хүндрэх, гол усны түвшин нэмэгдэх эрсдэлтэй тул цаг агаарын мэдээг тогтмол хянахыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй