COP17-ын “Ногоон бүс” олон нийтэд үүдээ нээлээ

0 comments
Ногоон бүс

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал албан ёсоор эхэлсний дараахан олон нийтэд зориулсан “Ногоон бүс” нээлтээ хийлээ. Ингэснээр Монгол Улс Конвенцын түүхэнд ийм бүсийг байгуулсан хоёр дахь улс болж байна.

“Ногоон бүс” нь зөвхөн үзэсгэлэнгийн талбай бус, иргэд, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, эрдэм шинжилгээний байгууллагуудыг нэг дор холбох оролцоонд суурилсан талбар юм. Энд байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлага, хамтын ажиллагааны боломжийг олон нийтэд танилцуулах зорилготой байна.

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирын мэдээлснээр, COP-ын түүхэнд иргэд чөлөөтэй үзэж, сонирхох боломжтой “Ногоон бүс”-ийг өмнө нь нэг удаа байгуулж байжээ. Харин Монгол Улс COP17-ыг эх орондоо зохион байгуулж буй боломжийг олон нийттэй хуваалцахын тулд ийм бүс байгуулах хүсэлтээ Конвенцын талд уламжилсан байна.

“Ногоон бүс”-ийн хүрээнд:

  • төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, шинжлэх ухааны 60 гаруй байгууллага үйл ажиллагаагаа танилцуулж байна;
  • хурлын 12 өдрийн турш 480 зэрэгцээ арга хэмжээ зохион байгуулагдана;
  • кино үзвэр, соёлын биет болон биет бус өвийн үзэсгэлэн болно;
  • байгаль орчны шийдэл, инновац, сайн туршлагыг олон нийтэд хүргэнэ;
  • одоогоор 2 мянга орчим иргэн үзэж сонирхсон гэх албан бус тоо байна.
COP17-ын “Ногоон бүс” олон нийтэд нээгдлээ

Ц.Сандаг-Очир “Аливаа ажлыг хамтарч хийвэл тооцоолсноос илүү үр дүнд хүрдэг” хэмээн онцолжээ. Түүний хэлснээр, COP17-ын бэлтгэл ажлыг хангахад Засгийн газар, төрийн байгууллагууд, хувийн хэвшил, олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд, сайн дурынхан хамтран ажилласан байна.

Тухайлбал, нийслэлийн харьяа байгууллагууд COP17-ын дэд бүтцээс гадна “Ногоон бүс”-ийн зохион байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэжээ. Хамтын хүчээр бий болсон энэ талбар нь иргэдийн COP-ын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

Нээлтийн үеэр “Ногоон бүс”-ийн агуулгыг илэрхийлэх нэгэн онцлох шийдвэрийг зарласан байна. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Харилцаа холбоо, гадаад харилцаа, түншлэлийн хэлтсийн дарга Ксеня Сканлон “Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” гэсэн UNCCD COP17 хурлын албан ёсны уриаг Монгол Улсын “Ногоон бүс”-ийн албан ёсны уриа болгож буйг мэдэгджээ.

Ийнхүү COP17-ын “Ногоон бүс” нь олон улсын хурлын хаалттай хэлэлцүүлгийг иргэдийн оролцоо, мэдлэг, соёл, инновацтай холбож буй өргөн хүрээний талбар болж байна. Монгол Улс Конвенцын түүхэнд хоёр дахь удаагаа ийм бүс байгуулснаар цөлжилт, уур амьсгал, газар, ус, биологийн олон янз байдлын асуудлыг олон нийтэд илүү ойртуулж байна.

COP17-ын “Ногоон бүс” олон нийтэд нээгдлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй