С.Молор-Эрдэнийг үндэсний эв нэгдлийг бусниулах зүйл ангиар шалгаж байна

0 comments
С.Молор-Эрдэнийг

Философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын ерөнхий газар хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, эрүүгийн хэрэгт шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Түүнийг одоогоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хорьж байгаа аж.

С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Түүнийг цагдан хорьсныг хүчинтэйд тооцуулах тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хурал өнөөдөр болохоор товлогджээ.

Тэрээр өмнө нь олон нийтийн сүлжээгээр Монголын үндэстэн, түүхтэй холбоотой байр сууриа илэрхийлэхдээ “Монгол гэдэг ард түмэн байхгүй, энэ бол зүгээр нэг хоч. Ийм ард түмэн дэлхий дээр байхгүй. Чингис хаан ч гэж байхгүй, монгол хүн биш” хэмээн ярьж байсан. Түүний эдгээр мэдэгдэл олон нийтийн анхаарлыг татаж, маргаан дагуулж байв.

Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд үндэсний эв нэгдлийг бусниулахтай холбоотой үйлдэлд ногдуулах эрүүгийн хариуцлагыг дараах байдлаар тусгасан байна.

  1. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол болон үзэл бодлоор нь хооронд нь дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулан сурталчлах, уриалах, ялгаварлан гадуурхах, хүч хэрэглэх, эрхийг нь хязгаарлах эсвэл хэн нэгэнд давуу байдал бий болгох үйлдлийг зохион байгуулсан тохиолдолд 5-12 жилийн хорих ял оногдуулахаар заажээ.
  2. Харин дээрх гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зохицуулалттай байна.

Ийнхүү С.Молор-Эрдэнэд холбогдох шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шийдвэрээр эцэслэн тогтоогдоно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй