Дэлхийн хамгийн өндөр цалинтай улс төрч болох Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонгийн жилийн цалин, урамшууллын хэмжээ бараг 64 хувиар нэмэгдэж, 1.7 сая ам.доллароос (2.2 сая сингапур доллар) 2.8 сая ам.доллар (3.6 сая сингапур доллар) болно. Энэ талаар Reuters агентлаг мэдээлжээ.
Тус агентлагийн онцолсноор, Сингапурт төрийн өндөр албан тушаалтнууд өндөр цалин авдаг. Энэ бодлого нь авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.
Есдүгээр сарын 8-нд парламентын өмнө үг хэлэхдээ Сингапурын Ерөнхий сайд төрийн албан тушаалтнуудын цалинг судлах үүрэгтэй хараат бус комисс сайд нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэснийг мэдэгджээ. Өмнө нь сайдын жилийн цалин 1.1 сая сингапур доллар буюу ойролцоогоор 870 000 ам.доллар байсан бол одоо 2.2 сая сингапур доллар буюу 1.74 сая ам.доллар болно. Ерөнхий сайд сайдынхаас хоёр дахин өндөр цалин авдаг.
Шинэ тогтолцоо аравдугаар сарын 15-наас хэрэгжиж эхлэх боловч сайд нарын цалингийн нэмэгдлийг үе шаттайгаар олгоно. Нэмэгдлийн хэмжээ нь “тухайн [албан тушаалтны] нөхцөл байдал, түүний дотор ажлын гүйцэтгэл болон цалин нь хамгийн сүүлд хэзээ өөрчлөгдсөнөөс” хамаарах аж.
Сингапурын удирдагч хэрэв ирэх таван жилийн хугацаанд албан тушаалдаа хэвээр үлдвэл “цалингийн шинэчлэлийн дараах нэмэгдсэн дүнг бүхэлд нь хандивлана” гэж амлажээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд уг мөнгийг “тохирох буяны үйлсэд” зориулна гэж мэдэгдсэн байна.
Австралийн Political Salaries байгууллагын мэдээлснээр, Сингапурын удирдагч 2026 онд дэлхийн хамгийн өндөр цалинтай улс төрч юм. Түүний араас БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн тэргүүн Жон Ли жилд 719 000 ам.долларын цалинтайгаар жагсаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жилийн 400 000 ам.долларын цалинтай бөгөөд хамгийн өндөр цалинтай таван удирдагчийн жагсаалтыг хаажээ.
