АНУ-ын түүхэн дэх хамгийн том криптовалютын хулгайн нэгд холбогдсон Сингапурын иргэн, 22 настай Мэлоун Лам зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлд хамаарах хэрэгт холбооны шүүхэд гэм буруугаа хүлээлээ. Тэрбээр хамтран зүтгэгчдийн хамт Вашингтон хотын нэгэн оршин суугчийн данснаас 4,100 гаруй биткойн буюу тухайн үеийн ханшаар 240-245 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг хулгайлсан байна.
Нийгмийн инженерчлэл ба тансаг амьдралын хэв маяг
Прокуроруудын мэдээлснээр уг гэмт хэргийн бүлэглэл нь онлайн тоглоомын платформоор дамжин танилцсан залуусаас бүрдэж байжээ. Тэд өндөр хэмжээний дижитал хөрөнгөтэй иргэдийг олж тогтоон, улмаар өөрсдийгөө Google болон криптовалютын компаниудын ажилтан мэтээр хуурч, хохирогчийн нууц мэдээлэл, хамгаалалтын кодыг “нийгмийн инженерчлэл” буюу сэтгэл зүйн ажиллагааны аргаар олж авсан байна.
Хулгайлсан мөнгөө тэд спорт машин, тансаг харш түрээслэх, хувийн онгоцоор зорчих зэрэгт хэт үрсэн бөгөөд Лос-Анжелесын нэгэн шөнийн клубт ганцхан орой 569 мянган ам.доллар зарцуулж, 2 сая ам.долларын үнэтэй цаг худалдан авч байжээ. Хэрэгт нийт 18 хүн шалгагдаж байгаагаас Лам гэм буруугаа хүлээсэн 11 дэх хүн болсон бөгөөд түүнд холбооны хуулиар 20 хүртэлх жилийн хорих ял оноох боломжтой байна.
