Улсын драмын эрдмийн театрын жүжигчин И.Дашнамжил Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор шагнууллаа.
33 дахь удаагийн Соёл, урлагийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан түүний театрын урлагт оруулсан хувь нэмэр, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэл, бүтээлч сэтгэлгээ болон тайзнаа бүтээсэн дүрүүдийг үнэлж ийнхүү шагнажээ.
И.Дашнамжил 2020 онд СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөөд УДЭТ-т ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд дэлхийн сонгодог, орчин үеийн болон Монголын жүжгийн олон дүрд тогложээ. Тухайлбал:
- Б.Цогнэмэхийн “Хаадын хаан: Андгай” — Бэлгүтэй
- Берхольт Брехтийн “Сычуаны сайн хүн” — Цагдаа
- Н.В.Гоголийн “Тоглоомчид” — Аделаида Ивановна
- У.Шекспирийн “Ромео, Жульетта” — Бальтазар
- Б.Мөнх-Амьдралын “Миний аав супер баатар” — Аав шоргоолж
- Ц.Балдоржийн “Хайрын виз” — Зөөгч
- Л.Н.Толстойн “Анна Каренина” — Алексей Каренин
- Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” — Аргун баатар
- Б.Лхагвасүрэнгийн “Үгүйлэгдсэн хайр” — Жамсран
Тайзны уран бүтээлээс гадна И.Дашнамжил дэлгэцийн бүтээлүүдэд мөн тогложээ. Тэрбээр “Бүлэг” олон ангит кинонд анхлан тоглосон бөгөөд сүүлд “Гарц” олон ангит кино, “Z zone” аймшгийн кинонд бүтээсэн дүрүүд нь үзэгчдэд хүрсэн байна.
