Алтны салбарын бизнес эрхлэгчдийн хооронд үүссэн асар их хэмжээний мөнгөн дүн бүхий маргаан болон санхүүгийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй В.Ганзоригийг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор боллоо. Түүнийг дөрвөн жилийн хугацаанд олборлолтоороо 570 тэрбум төгрөгийн ашиг олж, 161 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн, бусдаас 14.7 тэрбум төгрөг залилсан, мөн хууль бусаар ашигт малтмал олборлож байгаль орчинд 2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байгаа юм.
Шүүгчийн захирамжийг өөрчилж, таслан сэргийлэх арга хэмжээг сунгав
Анхан шатны шүүхээс прокурорын ирүүлсэн В.Ганзоригийг үргэлжлүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналыг хүлээж авахаас татгалзаж, улмаар түүнийг суллах шийдвэр гаргаад байсан билээ. Гэвч тус шүүхийн Ерөнхий шүүгч уг захирамжийг дахин хянаж, шүүгч ямар нотлох баримтыг үндэслэсэн болон ямар тайлбараар прокурорын саналыг хэрэгсэхгүй болгосон нь хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэжээ. Ийнхүү Ерөнхий шүүгчийн шийдвэрээр өмнөх шүүгчийн захирамжийг өөрчлөн, В.Ганзоригт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаар тогтсон байна.
“Вайнд майнд” ХХК ба 14.7 тэрбум төгрөгийн маргааны ар дахь зөрчил
Уг хэрэгт В.Ганзоригоос 14.7 тэрбум төгрөгөө залилуулсан хэмээн хууль хяналтын байгууллагад гомдол гаргасан иргэн Г.Ариунболд нь “Урьхан” группийн Б.Чинбатын бизнес хамтрагч юм. Тэдний хооронд үүссэн гол тэмцэл нь “Вайнд майнд” ХХК-ийн эзэмшилд байдаг ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогддог ажээ. Тус компанийг 2022 оноос 2025 оны хооронд Г.Ариунболд, Б.Чинбат нар хамтран эзэмшиж байсан бол 2025 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн В.Ганзоригийн нэр дээр шилжиж, өнөөг хүртэл түүний эзэмшилд бүртгэлтэй байсаар байна.
