ОХУ-ын газрын тосны салбарын томоохон тоглогч “Роснефть” компанийн эзэмшилд байдаг Рязань хот дахь нефть боловсруулах үйлдвэр Украины талаас хийсэн нисгэгчгүй онгоцны халдлагад өртөж, үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа тухай салбарын эх сурвалжууд мэдээлэв. Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон уг халдлагын улмаас Москва болон түүний орчмын бүс нутгийг шатахуунаар хангадаг тус стратегийн ач холбогдолтой үйлдвэр ноцтой хохирол амсжээ.
Үйлдвэрлэлийн хүчин чадал доголдож, сэргээн засварлахад хугацаа шаардагдана
Албаны бус мэдээллээр, халдлагын үеэр үйлдвэрийн газрын тос боловсруулах үндсэн хоёр төхөөрөмж болох CDU-6 болон CDU-4 ажиллагаагүй болсон байна. Тэдгээрээс жилд 8 сая тонн буюу өдөрт ойролцоогоор 160 мянган баррель газрын тос боловсруулах хүчин чадалтай, үйлдвэрийн нийт чадлын бараг тэн хагасыг эзэлдэг CDU-6 төхөөрөмж галд өртөж ноцтой гэмтжээ. Мөн гурав дахь гол төхөөрөмж болох CDU-3 нь тавдугаар сарын дунд үеэс хойш төлөвлөгөөт засвартай байгаа аж. Гэмтсэн төхөөрөмжүүдийг бүрэн сэргээн засварлахад хамгийн багадаа хэдэн долоо хоногийн хугацаа шаардагдах төлөвтэй байна. Рязанийн үйлдвэр энэ онд өмнө нь тав болон долдугаар саруудад мөн дроны халдлагад өртөж байсан бөгөөд долдугаар сарын халдлагын дараа үйл ажиллагаагаа 2-3 долоо хоногоор бүрэн зогсоож байсан түүхтэй.
Украины тактик ба Монголд үүсэж болох эрсдэлүүд
Украин улс сүүлийн саруудад ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүд болон түлш нийлүүлэх дэд бүтцэд чиглэсэн дроны халдлагаа үлэмж эрчимжүүлээд байгаа юм. Энэхүү байдал нь Оросын дотоодын шатахууны үйлдвэрлэлийг бууруулж, зарим бүс нутагт нийлүүлэлтийн хүндрэл үүсгээд байна. Тус нөхцөл байдал нь шатахууны хувьд ОХУ-аас туйлын өндөр хамааралтай Монгол Улсын зах зээлд анхаарах ёстой томоохон эрсдэлийг бий болгож байгаа юм. ОХУ дахь боловсруулах хүчин чадлын доголдол, дэлхийн хэмжээнд дизель түлшний нийлүүлэлт чангарах төлөв байдал нь Монголын хувьд нийлүүлэлтийн тогтвортой байдал, үнийн өсөлт болон өвлийн улирлын шатахууны нөөцийг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.
