Шөнийн ээлжийн ажилтнуудад зориулсан автобус 22:00–02:00 цагт дөрвөн чиглэлд үйлчилж байна

0 comments 3 үзэлт
Маргаашаас нийтийн тээврийн автобусны гурван чиглэл өөрчлөгдөж, нэг шинэ чиглэл нэмэгдэнэ

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор зорчигч урсгал ихтэй чиглэлүүдэд нэмэлтээр 20 автобусыг үйлчилгээнд гаргалаа. Түүнчлэн оройн болон шөнийн цагийн хуваариар ажилладаг иргэдийн зорчих эрэлтийг хангах үүднээс 22:00–02:00 цагийн хооронд дөрвөн чиглэлд шөнийн автобус тогтмол үйлчилж эхэлсэн байна.

Автобусны тоог нэмснээр хүлээлгийн хугацаа таван минутаар буурчээ

Ачаалал өндөртэй чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, маршрутын зохицуулалт хийсэн нь үйлчилгээний чанарт бодит үр дүн авчирчээ. Тодруулбал, эдгээр чиглэлд автобус нэмснээр зорчигч урсгал зургаан хувиар өсөж, иргэдийн буудал дээр хүлээх хугацаа таван минутаар багассан бол нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол есөн хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Үүнээс гадна өнгөрсөн аравдугаар сард 105 чиглэлийн 189 автобусанд богино эргэлтийн зохицуулалт хийсэн нь оргил ачааллын үеийн эргэлтийг түргэсгэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Өдөрт дунджаар 650 мянган иргэн нийтийн тээврээр зорчиж байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн 137 чиглэлд нийт 1,185 автобус шугаманд гарч, өдөрт дунджаар 650 мянган зорчигчид үйлчилж байна. Статистик мэдээллээс харахад, 2026 оны эхний гурван улирлын байдлаар нийслэлийн нийтийн тээврээр нийт 134.3 сая зорчилт бүртгэгджээ.

Хүн амын хөдөлгөөн, ажлын цагийн хуваарьт нийцүүлэн шөнийн тээврийн чиглэлүүдийг ажиллуулж, богино эргэлтийн зохицуулалтыг нэвтрүүлсэн нь хотын нийтийн тээврийн уян хатан байдлыг нэмэгдүүлж байна. Зорчигчдын бодит урсгалд тулгуурлан тээврийн хэрэгслийн хуваарилалтыг оновчтой болгосноор иргэдийн цаг завыг хэмнэх, үйлчилгээний сэтгэл ханамжийг дээшлүүлэх нөхцөл улам бүр бүрдэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй