Хятадын зүүн эрэг дагуу “Дольфин” хар салхи хүчтэй сөрөн орж ирсний улмаас нэг сая гаруй иргэнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлж, бүс нутгийн тээврийн салбарт ноцтой саатал гарлаа. Хар салхи өнгөрсөн ням гарагийн (2026.08.09) орой Жэжян мужийн Юйхуань хотод анх далайгаас газардаж, улмаар Вэньжөү хотын орчимд дахин давтан буухдаа салхины хурд цагт 150 километрт хүрсэн байна.
Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас олон зуун нислэг, тээврийн чиглэлүүд зогссоноос зөвхөн Шанхай хотод гэхэд 1,400 орчим агаарын нислэг цуцлагджээ. Хэдийгээр Хятадын цаг уурын байгууллагаас гамшгийн хамгийн өндөр буюу улаан түвшний сэрэмжлүүлгийг бууруулж, сулран хөдөлж буй шуургыг халуун орны шуурганы түвшинд шилжүүлсэн ч аюул арилаагүй байна.
Эх газрын гүн рүү шилжиж буй уг шуурганы нөлөөгөөр энэ долоо хоногийн лхагва гараг хүртэл аадар бороо үргэлжлэн орж, хүчтэй үер болон хөрсний гулгалт үүсэх өндөр эрсдэлтэй байгааг сэрэмжлүүлсээр байна. Үүссэн аюултай нөхцөл байдалтай холбогдуулан Шанхайн Диснейлэнд, Леголэндийн зарим хэсэг болон аялал жуулчлалын гол бүс болох Бунд орчмын ажиглалтын талбайгуудыг түр хааж, иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг орон нутгийн засаг захиргаанаас уриаллаа.