Бразилд нэгэн хос өөрийгөө ердөө 12 настай охин гэж итгүүлж чадсан 37 настай эмэгтэйг өргөж авсан хачирхалтай хэрэг гарчээ. Энэхүү хууран мэхлэлт нь жилийн дараа цагдаа нар луйварчин эмэгтэйг баривчлах үед л ил болсон байна. Энэ талаар “Daily Mail” хвлэл мэдээллээ.
Уг явдал тус улсын Жоинвиль хотод болжээ. Габриэле гэх эмэгтэй нэгэн сүмд очиж, улсынхаа хойд бүсээс, хүчирхийллээс дайжиж ирсэн хэмээн өөрийгөө танилцуулсан байна. Сүмийн пастор болон сүсэгтэн олон түүнд орон байр олоход тусалсан бөгөөд улмаар нэгэн гэр бүл түүнийг үрчилж авахаар шийджээ.
Мөрдөн байцаагчдын олж тогтоосноор, луйварчин эмэгтэй өргөж авсан эцэг эхтэйгээ 14 сарын турш хамт амьдарсан байна. Хосууд түүнийг үнэхээр өөрийн охин шигээ санаж, бүр 12 насных нь төрсөн өдрийг тэмдэглэж өгчээ. Эмэгтэй өөрийнхөө оворжуу төрхийг аутизм болон багадаа дааврын бэлдмэл хэрэглэж байсантай холбон тайлбарлаж, тэднийг бүрэн үнэмшүүлж чадсан аж.
Жүжгээ үргэлжлүүлэхийн тулд угж ашигладаг байжээ
Мөрдөгч Родриго Буэно Гуссогийн хэлснээр, сэжигтэн эмэгтэй жүжгээ үнэмшилтэй болгохын тулд хүүхдийн угж хүртэл ашигладаг байсан гэнэ. Мөн тэрээр харгис эцгээсээ айж байна гэх шалтгаанаар сургуульд явуулахгүй байхыг эцэг эхээсээ гуйж зөвшөөрүүлсэн байжээ.

Энэхүү залиланг тэдний нэгэн хамаатан сэжиглэж, цагдаагийн байгууллагад хандсанаар илчилсэн байна. Баривчлагдсан эмэгтэй өмнө нь бусад мужуудад ч мөн ийм заль хэрэглэхийг оролдож байсан нь тогтоогджээ. Бүр нэг удаа Сатаны зан үйлээс зугтсан гэх түүхээ батлахын тулд бие рүүгээ 100 гаруй зүү зоож байсан гэнэ.
Одоогоор уг эмэгтэй шоронд хоригдож байгаа бөгөөд түүнийг залилан мэхлэх, бичиг баримт хуурамчаар үйлдэх хэрэгт буруутган шалгаж байна.