Нийслэлийн шуурхай удирдлагын зөвлөгөөн өнөөдөр /2026.08.03/ Хан -Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын гадаа талбайд хуралдлаа. Уг хурлын үеэр хичээлийн шинэ жил болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга хэмжээг танилцуулсан юм.
Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдах төвийн дарга Ч.Хувьзаяагийн мэдээлснээр, нийслэлийн Засаг даргын 2026 оны долоодугаар сарын 31-ний өдрийн захирамжаар тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орны тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гаргажээ. Тодруулбал, 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг хүртэл тэгш өдөр тэгш тоогоор төгссөн, сондгой өдөр сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох юм. Түүнчлэн есдүгээр сарын 1-ний өдөр хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор ямар нэгэн хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулсан байна.
Энэ удаагийн зохицуулалт нь өмнөх жилүүдээс ялгаатайгаар бүсчлэл заахгүй бөгөөд өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд мөрдөгдөх аж. Хязгаарлалтын хэрэгжилтийг замын хөдөлгөөний хяналтын камеруудын тусламжтайгаар шууд шалгах юм.
Ачааллыг бууруулах тусгай зохицуулалтын хүрээнд тодорхой чиглэлийн авто тээврийн хэрэгслүүдийг тус хязгаарлалтаас бүрэн чөлөөлөхөөр болсон байна. Журмын дагуу дараах тээврийн хэрэгслүүд хязгаарлалтад хамаарахгүй хөдөлгөөнд оролцоно:
- Ногоон улсын дугаартай цахилгаан тээврийн хэрэгсэл
- Хэвлэл мэдээллийн байгууллагын автомашин
- Дипломат байгууллага болон зочид төлөөлөгчдөд үйлчилж буй тээврийн хэрэгсэл
- Сургууль, байгууллагын автобус
- Стандартын шаардлага хангасан такси
- Хүнсний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
- Оршуулгын үйлчилгээний автомашин
- Нийтийн үйлчилгээний болон тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл.