Өвөр Монгол 2030 он гэхэд өндөр хурдны төмөр замын сүлжээгээ 1200 км-ээс давуулна

0 comments
Өвөр Монголын бүх аймаг, хотуудыг 2030 онд хурдны төмөр замаар холбоно

Өвөр Монголын Өөртөө Засах Орон 2030 он гэхэд бүх аймаг, хотуудаа өндөр хурдны төмөр замаар холбох зорилт дэвшүүлжээ. Тус бүс нутгийн зам тээврийн байгууллагаас боловсруулсан төмөр замын хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөөнд өндөр хурдны шугамын нийт уртыг 1200 гаруй километрт хүргэхээр тусгасан байна.

Төлөвлөгөөний гол зорилтуудын нэг нь Хөх хот, Бугат, Ордос, Улаанцавыг холбосон “нэг цагийн тээврийн тойрог” байгуулах юм. Үүний хүрээнд цагт 350 километр хүртэл хурдлах төмөр замын үндсэн зангилаа, чиглэлүүдийг хөгжүүлэхээр төлөвлөжээ.

Хөх хот, Бугат, Ордос, Улаанцавын холболтыг эрчимжүүлнэ

Өвөр Монголын төв хэсгийн томоохон хотуудын хооронд зорчих хугацааг богиносгож, өндөр хурдны галт тэрэгний давтамжийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэснээр зорчигч тээврийн урсгалыг түргэсгэхийн зэрэгцээ бүс нутгийн хотуудын эдийн засаг, аялал жуулчлалын холбоог нэмэгдүүлэх зорилготой аж.

Мөн одоо ашиглагдаж буй зарим төмөр замыг шинэчилж, Тунляо, Улаанхад, Шилийн голоос Жининээр дамжин Хөх хот хүрэх төмөр замын шинэ холболтыг бий болгохоор тусгажээ. Төлөвлөгөөнд үүнийг байгаль орчинд илүү ээлтэй, “ногоон” тээврийн сүлжээ болгон хөгжүүлэх зорилтыг дурдсан байна.

Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг дэмжинэ

Шинэ төлөвлөгөөнд зөвхөн зорчигч тээврийн бус, хил дамнасан ачаа тээврийн дэд бүтцийг ч өргөжүүлэхээр тусгажээ. Ялангуяа Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын төмөр замын маршрутыг сайжруулж, хилийн боомтуудын ачаа хуваарилах болон гаалийн нэвтрүүлэх чадавхыг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна.

Үүний зэрэгцээ хил орчмын төмөр зам, логистикийн шинэ сувгуудыг хөгжүүлж, Алшаагаас Хөх хот болон Бээжин чиглэлд зорчигч тээврийн боломжийг сайжруулахаар зорьжээ. Өвөр Монголын зүүн хэсгийг Хятадын зүүн хойд бүс нутагтай илүү нягт холбож, бүсийн зүүн, баруун хэсгийг дамнасан ачаа тээврийн гол шугамуудыг бэхжүүлэхээр төлөвлөсөн байна.

Хятад-Европын галт тэрэгний үйлчилгээг нэмэгдүүлнэ

Зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээний чанарыг дээшлүүлэх хүрээнд Хөх хот, Бугат, Ордос, Улаанцавын хооронд өндөр хурдны галт тэрэгний давтамжийг нэмэгдүүлэхээр болжээ. Мөн захиалгат “Хятад-Европын төмөр замын экспресс” үйлчилгээг өргөжүүлж, хил дамнасан тээврийн хугацаа, үр ашгийг сайжруулах зорилт тавьсан байна.

Түүнчлэн жуулчны галт тэрэг хөгжүүлэх, төмөр замыг авто болон бусад тээврийн хэлбэртэй уялдуулах, томоохон үйлдвэр, уурхайн бүс болон логистикийн паркуудад хүрэх салбар шугамын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Нүүрс, үр тарианы тээврийн гол сувгуудыг бэхжүүлнэ

Төмөр замын шинэчлэлийн нэг чухал чиглэл нь эрчим хүч, хүнсний стратегийн нөөцийн тээвэрлэлтийг тогтвортой байлгах явдал юм. Үүний тулд “Хойд нутгийн нүүрсийг өмнө зүг рүү”, “Баруун нутгийн нүүрсийг зүүн зүг рүү”, “Хойд нутгийн үр тариаг өмнө зүг рүү” тээвэрлэх үндсэн коридоруудын хүчин чадлын дутагдлыг бууруулахаар төлөвлөжээ.

Ингэснээр Өвөр Монголын төмөр замын сүлжээ зөвхөн зорчигч тээврийн бус, уул уурхай, эрчим хүч, хүнс болон хил дамнасан худалдааны гол дэд бүтэц болох чиглэлээр өргөжихээр байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй