Энэтхэгийн баруун хэсгийн Тхана хотын оршин суугч эмэгтэй шинэ сари (энэтхэг эмэгтэйчүүдийн үндэсний хувцас) худалдан авч өгөхөө мартсан нөхрийнхөө амь насыг хөнөөжээ. Энэ тухай The Times of India хэвлэл мэдээллээ.
Хэрүүлээс аллага руу
Сунитадеви Харерам Сингх хэмээх эмэгтэй нөхрөөсөө шинэ сари авч өгөхийг хүссэн боловч нөхөр нь хүсэлтийг нь мартаж, гэртээ хоосон гараар иржээ. Хүссэн шинэ хувцастайгаа болж чадаагүй эмэгтэй уурлаж, хосуудын хооронд ширүүн маргаан үүссэн нь улмаар зодоон болон хувирсан байна.
Тэдний долоон настай хүү айсандаа эцэг эхийнхээ зодооныг болиулах хүн дуудахаар тусламж эрэн гүйн гарчээ. Гэвч хүүг байхгүй хооронд эмэгтэй нөхрийнхөө толгой руу даралтат тогооны таглаагаар цохин унагаж, улмаар боож хөнөөсөн байна.
Хэргийг нуун дарахаар оролдсон нь
Хэрэг гарсан газарт гүйж ирсэн нутгийн иргэдэд эмэгтэй нөхрөө “зүрхний шигдээс болчихлоо” хэмээн хэлж, төөрөгдүүлэхийг оролджээ. Гэвч цагдаагийн газраас сэжигтэн эмэгтэйг саатуулсан бөгөөд задлан шинжилгээгээр түүний нөхөр бусдын гарт амиа алдсан болох нь батлагдсан байна.
Өдгөө 30 настай Сунитадевийг баривчлан, 7-р сарын 29-нийг хүртэл цагдан хорихоор болжээ. Сэжигтний цаашдын хувь заяаг шүүх шийдвэрлэх юм.