Table of Contents
ОХУ-ын Эрхүү мужид уушгины тахалтай холбоотой байж болзошгүй тохиолдол гарсан гэх мэдээллийн дараа Европын Комисс нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа талаар мэдэгдсэн байна.
Эх сурвалжид дурдсанаар Эрхүүгийн Тахлын эсрэг судалгааны хүрээлэнгийн нэг ажилтан аравдугаар сарын 2-нд шалтгаан нь эцэслэн тогтоогдоогүй уушгины хатгалгааны улмаас нас баржээ. Гэхдээ тухайн тохиолдол уушгины тахал байсан нь батлагдсан гэх мэдээлэл одоогоор байхгүй байна.
Ойрын хавьтлуудыг хяналтад оруулжээ
ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхны хяналтын холбооны албаны мэдээллээр нас барсан ажилтантай ойрын хавьтал болсон хүмүүсийг эмнэлгийн хяналтад авч, зарим ажилтныг тусгаарласан байна.
Эдгээр арга хэмжээ нь халдварын боломжит эрсдэлийг хянах урьдчилан сэргийлэх ажиллагааны нэг хэсэг гэж мэдээлжээ. Харин өвчний шалтгаан, оношийн эцсийн дүгнэлт гараагүй хэвээр байгаа аж.
Европын Комисс ECDC, ДЭМБ-аар мэдээлэл авч байна
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр тус байгууллага нөхцөл байдлыг Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төвтэй хамтран ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай мэдээллийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сувгаар авч байгаа юм байна.
Мөн ОХУ-ын талаас нөхцөл байдлын талаар шуурхай, ил тод мэдээлэл өгөх нь чухал гэж Европын Комисс үзэж буйгаа илэрхийлжээ.
Кремль албан ёсны мэдээлэлд түшиглэхийг уриалжээ
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ асуудлаар иргэдийг цуурхал, таамагт бус Роспотребнадзорын албан ёсны мэдээлэлд үндэслэхийг уриалсан байна.
Ингэснээр Эрхүү муж дахь тохиолдлын онош албан ёсоор тодорхой болох хүртэл “уушгины тахлын дэгдэлт” гэж үзэхэд эрт байгаа бөгөөд одоогоор холбогдох байгууллагууд тандалт, хяналтаа үргэлжлүүлж байгаа талаар мэдээлжээ.

1 comment
тахлын вакцинаа хийлгээрэй