45 настай реалити шоуны од, бизнес эрхлэгч, инфлюэнсер, жүжигчин Ким Кардашьян гэр бүлийн амьдралынхаа талаар ярьж, хуучин нөхөр Канье Уэсттэйгээ хамт өсгөж буй дөрвөн хүүхдээ асрахад нь хэдэн асрагч тусалдгийг анх удаа дэлгэжээ.
Тэрээр The Sunday Times Style-д өгсөн ярилцлагадаа ээлжээр ажилладаг таван хүүхэд асрагчтай гэдгээ хэлсэн байна. Гэхдээ хүүхдүүдтэй нь нэг дор зөвхөн нэг асрагч байдаг бөгөөд бусад дөрөв нь ээлжээр ажиллаж, бие биеэ сольдог аж.
Ким 13 настай Норт, 10 настай Сейнт, 8 настай Чикаго, 7 настай Псалм гэсэн дөрвөн хүүхэд өсгөж байна. Хэдийгээр хүүхдүүдээ асрахад нь олон хүн тусалдаг ч Кардашьян тэдний өдөр тутмын амьдралд өөрөө аль болох идэвхтэй оролцохыг хичээдэг гэж онцолжээ.
Тухайлбал, тэр өөрөө хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, тарахад нь авдаг бөгөөд орой бүр гэр бүлээрээ хамт хооллодог байна. Мөн унтахын өмнө хүүхдүүддээ ном уншиж өгдөг бөгөөд заримдаа нэгийг нь өөрийнхөө орон дээр унтахыг зөвшөөрдөг гэжээ.
“Би нэлээд хатуу шаардлагатай ээж. Гэхдээ маш тэвчээртэй, халамжтай” гэж Кардашьян ярьсан байна.
Тэрээр мөн олны анхаарлын төвд байдаг амьдрал нь хүүхдүүдэд нь хэрхэн нөлөөлөх талаар санаа зовдгоо хүлээн зөвшөөрчээ. Кардашьянгийн хэлснээр, хүүхэд бүр The Kardashians реалити шоуны зураг авалтад хэр хэмжээнд оролцохоо өөрөө шийддэг байна. Бага хүүхдүүд нь зураг авалтын үеэр хамт байж болох ч ихэвчлэн шоуны үйл явдлын гол хэсэг болдоггүй аж.
Ким хөгжмийн карьераа идэвхтэй хөгжүүлж буй Нортод онцгой анхаарал хандуулдаг байна. Түүний хэлснээр, 13 настай охинд нь олон санал ирдэг бөгөөд бүх төсөлд оролцох гэсэн хүсэлтийг нь заримдаа хязгаарлах шаардлагатай болдог аж. Мөн Ким охиныхоо мэргэжлийн ирээдүйтэй холбоотой шийдвэрүүдийг хуучин нөхөртэйгөө хамт гаргахыг хичээдэг гэжээ.

1 comment
Хэдэн ч асрагчтай байсан ээж хүн болохоор завгүй л байдаг байх