Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга “Хасын хүлэгүүд” багийн тамирчид, дасгалжуулагчид, арын алба, багийн эзэд болон ивээн тэтгэгчдийг хүлээн авч уулзлаа. Тэрбээр 2025-2026 оны улиралд дахин аваргалж, 10 дахь цомоо өргөсөн багийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөсөн байна.
“Хасын хүлэгүүд” баг Үндэсний дээд лигт сүүлийн гурван жил дараалан түрүүлсэн юм. Ерөнхийлөгч уулзалтын үеэр тус баг хүүхэд, залуусыг сагсан бөмбөгийн спортоор хичээллэхэд урамшуулж, багийн ажиллагаа, сахилга бат, спортын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэхэд чухал нөлөө үзүүлж байгааг онцолжээ.
Мөн “Хасын хүлэгүүд” баг Япон, Солонгосын лигийн аваргуудыг удаа дараа хожиж, Ази тивдээ шилдэг багийн түвшинд хүрснийг тэмдэглэсэн байна. Энэ нь Монголын багийн спорт олон улсын тавцанд өрсөлдөх бүрэн боломжтойг харуулж буй тод жишээ гэдгийг хэллээ.

Багийн сүүлийн амжилтууд:
- 2025-2026 онд EASL буюу Зүүн Азийн Супер Лигт тоглосон анхны баг
- 2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia-East/ зүүн Азийн аварга
- 2025 онд Азийн аваргуудын лигийн /BCL Asia/ хүрэл медаль хүртсэн
- Үндэсний дээд лигийн 10 удаагийн аварга
- 10 удаагийн дэд аварга болон хүрэл медалийн эзэн
“Хасын хүлэгүүд” багаас Улсын шигшээ багийн 20 гаруй тамирчин, нэг Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний хэд хэдэн мастер төрөн гарчээ. Тус баг 22 жилийн турш медалийн буухиагаа таслалгүй үргэлжлүүлж байна.