Home НийгэмЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
У.Хүрэлсүх

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 11-нд тохиож буй Бурхан багшийн Их Дүйчэн өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр энэхүү өдөр нь зөвхөн шашны баяр төдийгүй ёс суртахууны үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх онцгой ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв.

Төрийн тэргүүн мэндчилгээндээ: “Сорилт бэрхшээл, нүгэл хилэнцээс ангижирч, амар амгалан, энэрэл нигүүлсэлд хөтлөх Бурхан багшийн сургаал нь Монголын нүүдэлчин соёл иргэншлийн гүн ухаантай нийцдэг. Монголчууд эртнээс Буддын гүн ухааныг шүтэн барилдлагын үзэлтэй хослуулан хөгжүүлж, соён гэгээрүүлэх үйлсийн төв болгосон түүхтэй” хэмээгээд, шашин нийгмийн эв нэгдлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирснийг дурдсан юм.

Ерөнхийлөгч мөн Бурхан багшийн Их Дүйчэн өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг олсон гурван үйл явдал нэгэн өдөрт тохиосон ховор хувь тохиол болохыг тодотгож, энэ өдрийг зөв бодол, зөв үг, зөв үйлдэлд төвлөрөх уриалга гаргасан өдөр болгон тэмдэглэхийн ач холбогдлыг онцлов.

Түүний илтгэлд, техник технологийн хурдтай хөгжил, дэлхийн олон тулгамдсан асуудлын дунд энэрэнгүй сэтгэл, эв нэгдлийг эрхэмлэх үзэл үнэ цэнтэй хэвээр байгааг хүлээн зөвшөөрч, лам хуврагууд, сүсэгтэн олныг нийгмийн ёс суртахууны манлайлагч байхыг уриалжээ. Тэрбээр бурханы шашны байгууллагуудын нийгэмд оруулж буй хүмүүнлэг, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.

Мэндчилгээний төгсгөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

“Төр төвшин, шашин тунгалаг, дэлхий амгалан байх болтугай!
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай!”

хэмээн ерөөл өргөжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Тудуген 11 июня, 2025 - 16:40

Бүгдэд нь баярын мэнд хүргэе! Айл болгонд амар амгалан, сайн сайхан байх болтугай

Reply
Кутула 11 июня, 2025 - 16:55

Улс орны удирдлагууд уламжлалаа мартдаггүй нь сайн хэрэг

Reply

Leave a Comment