Францад сурагчдын эсэргүүцлийн жагсаал хурцдав: Бараг 2,000 хүнийг саатуулжээ

0 comments
Францад сурагчдын эсэргүүцэл хурцдаж, 1800 орчим хүнийг саатуулжээ

Франц дахин ахлах ангийн сурагчдын эсэргүүцлийн ажиллагаанд оролцсон 1,800 орчим хүнийг цагдаагийн газраас саатуулсан бөгөөд тэдний ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Энэ тухай Figaro хэвлэл мэдээлэв.

“Пүрэв гарагийн оройны байдлаар улс даяар 1,793 хүн саатуулагдсаны 90 хувийг насанд хүрээгүй иргэд эзэлж байна” гэж нийтлэлд дурджээ.

Нийтлэлд тэмдэглэснээр эсэргүүцлийн ажиллагааны нөхцөл байдал нэлээд хурцдаад байна. Саатуулагдсан хүмүүсийн гуравны нэг орчим нь эрх баригчдад халдсан, өөр нэг гуравны нэг нь хууль бус цуглаан хийсэн, үлдсэн нь эд хөрөнгө сүйтгэсэн хэрэгт холбогджээ. Зөвхөн нийслэл орчмын бүсэд хууль сахиулагчид 130 саатуулсан тохиолдлыг бүртгэсэн бөгөөд насанд хүрээгүй 42 хүүхдийн хэргийг аль хэдийн шүүхэд шилжүүлээд байна.

Прокурорын газраас сүүлийн өдрүүдэд эсэргүүцэгчид болон саатуулагдсан хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэж байгаа тул насанд хүрээгүйчүүдийн асуудал эрхэлсэн шүүгчид амралтын өдрүүдээр ч ажиллана гэж мэдэгдэв.

Францын ахлах ангийнхан ачаалал ихтэй хичээлийн хуваарь, багш нарын дутагдал болон боловсролын салбар дахь бусад асуудлуудад сэтгэл дундуур байгаагаа хэдэн өдрийн турш илэрхийлж байгаа юм. Зарим жагсаал үймээн самуун болон хувирчээ. Францын Засгийн газрын үнэлгээгээр сурагчдын эсэргүүцэл гудамжны мөргөлдөөн болон өргөжсөн байна.

Өмнө нь багш нарын хомсдолоос болж Францын ахлах ангийнхан сургуулиудынхаа орцыг хаасан тухай мэдээлж байсан билээ. Долоо хоногийн турш сурагчдын эсэргүүцэл улс даяар 350 гаруй сургуулийг хамраад байна.

Үүнээс гадна сурагчдын олон нийтийн үймээн самуун хөрш Бельги улс руу хальжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй