ХАОС 2026 наадам 11 орны 17 уран бүтээлчийг Улаанбаатарт нэгтгэнэ

0 comments
ХАОС наадам

Олон улсын туршилтын хөгжим, медиа урлагийн ХАОС наадам гурав дахь удаагаа Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Энэ жилийн наадам “Сэргэлт – Шинэ нүүдэлчин үзэл санаа” (Resurgence – A New Nomadic Spirit) сэдвийн дор 2026 оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжилнэ.

ХАОС 2026-д 11 орны 17 уран бүтээлч оролцож, геополитикийн хурцадмал байдал, эдийн засгийн хүндрэл, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, дүрвэгсдийн асуудал болон эдгээрийн хариуд дэлхий дахинд өрнөж буй нийгэм, соёлын өөрчлөлтийг урлагаар дамжуулан хөндөнө.

Наадмын хөтөлбөрт:

  • тухайн орон зайд зориулсан инсталляци;
  • мультимедиа инсталляци;
  • видео арт;
  • перформанс;
  • дуу авианы бүтээл;
  • туршилтын хөгжмийн тоглолтууд багтжээ.

Дүрслэх урлагийн үзэсгэлэн есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 4-ний хооронд Дарь-Эхийн гэр хороололд байрлах 800 ам.метр талбай бүхий “X0 Art Space”-д дэлгэгдэнэ. Харин амьд хөгжмийн арга хэмжээ есдүгээр сарын 25-нд “On’n Off” продакшнд болно.

Монголын уран бүтээлч Тогмидшийрэвийн Энхболд, Лхагвасүрэнгийн Мөнгөнцэцэг нар даяаршил, хотжилт, технологийн дэвшил орчин үеийн монголчуудын үнэт зүйл, сэтгэлгээ, амьдралын хэв маягт хэрхэн нөлөөлж буйг бүтээлээрээ харуулах юм. Тэд уламжлалт нүүдэлчин соёл, байгаль дэлхийгээ дээдлэх өвөг дээдсийн гүн ухааныг өнөөгийн өөрчлөлттэй холбон, хүний оршин тогтнол болон үнэт зүйлийн талаарх асуултуудыг хөндөнө.

Мөн Борын Инжинааш, Даваагийн Доржханд нар хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөн, холимог соёлын онцлог, хувь хүн болон хамт олонд тулгарч буй сэтгэл зүйн болон экологийн эмзэг байдлыг өгүүлсэн хамтарсан аудио-визуал бүтээлээ толилуулна.

Олон улсын уран бүтээлчдийн бүтээлээс Этиоп-Британийн Тео Эшетугийн (Theo Eshetu) 2017 оны “documenta” үзэсгэлэнд тавигдаж байсан олон сувгийн томоохон видео инсталляци “Atlas Fractured” хүрэлцэн ирнэ. Түүнчлэн:

  • Филиппин-Данийн Лилибет Куэнка Расмуссен (Lilibeth Cuenca Rasmussen);
  • Австрийн Бернд Оппл (Bernd Oppl);
  • Данийн Элизабет Молин (Elisabeth Molin) нарын орон зайн мультимедиа бүтээлүүд тавигдана.

Мөн Иран-Финландын уран бүтээлч Сепиде Рахаагийн (Sepideh Rahaa) “In Transition” олон сувгийн видео бүтээл, Иран-Нидерландын Араш Камали Сарвестани (Arash Kamali Sarvestani), Иран-Америкийн Мехреган Пезэшки (Mehregan Pezeshki) нарын хамтарсан “Sediment” богино хэмжээний киног үзэгчдэд хүргэнэ.

Үзэсгэлэнгийн албан ёсны нээлт есдүгээр сарын 26-нд “X0 Art Space”-д болно. Энэ үеэр Лилибет Куэнка Расмуссен, Тогмидшийрэвийн Энхболд, Доржнямын Шинэцог (Shinetsog-Geni), Финландын Тимо Вийлайнен (Timo Viialainen) нарын хамтарсан перформанс тоглолт, Турк-Нидерландын Эгэ Шахины (Ege Şahin) дуу авианы бүтээлийг толилуулах юм.

Амьд хөгжмийн хөтөлбөрт Францын Sacred Lodge, Италийн Sara Persico, Шведийн Thomas Nordmark нарын туршилтын хөгжмийн тоглолтууд багтжээ. Тайванийн Wang Chien-Chuan тайзны амьд визуал үзүүлбэрийг бүтээнэ.

ХАОС 2026-д дэлгэгдэх бүтээлүүд нь дотоодын болон улс дамнасан шилжилт хөдөлгөөний түүхэн үндэс, шалтгаан, үр дагаврыг хувь хүн, нийгэм, соёл, геополитикийн өнцгөөс авч үзсэн нэгдмэл үзэл санаатай байна.

Наадмыг үүсгэн байгуулагч Түвшинболдын Билгүүн, Бадамгаравын Гантуяа нар Берлины олон улсын “CTM Festival”-ийг хамтран үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч Ян Ролфтой (Jan Rohlf) хамтран куратороор ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй