ХЭҮК: Үндэсний хэмжээнд 35-44 насны эрчүүдийн дунд амиа хорлолт хамгийн өндөр байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Х.Мөнхзул

Хүний эрхийн Үндэсний Комиссоос манай улсын эрэгтэйчүүдэд тулгарч буй сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн төлөв байдал, тулгамдсан асуудлыг тодорхойлсон судалгааны тайланг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанаас үзэхэд монгол эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс үлэмж хэмжээгээр хоцорч байгаа нь олон улсын дунджаас ч хол давсан ноцтой үзүүлэлт болох нь тогтоогдсон байна.

Эмнэлэгт хандах дургүй хандлага ба амь насны эрсдэл

Манай улсын хөдөлмөрийн насны буюу 30-59 насны эрэгтэйчүүд эрүүл мэнддээ хамгийн хойрго ханддаг бөгөөд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах түвшин туйлын хангалтгүй байгааг ХЭҮК-оос онцоллоо. Үүний улмаас өвчнөө хүндрүүлэх, цаг алдаж оношлогдох эрсдэл өндөр байгаа бөгөөд нас баралтын суурь шалтгаанд осол гэмтэл, өвчлөлөөс гадна сэтгэл зүйн хямрал голлон нөлөөлж байна.

Судалгааны явцад илэрсэн анхаарал татсан гол тоон үзүүлэлтүүдээс дурдвал:

  • Монголд эрчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс даруй 9.2 жилээр бага байна.
  • Дэлхийн банкны тандалтаар нийт эрчүүдийн 59 хувь нь зөвхөн бие нь өвдсөн үедээ л эмнэлэгт очдог.
  • Судалгаанд оролцогчдын 20 хувь нь амьдралдаа огт эмчид хандаж үзээгүй гэж хариулжээ.
  • Эрэгтэйчүүдийн амиа хорлох тохиолдол эмэгтэйчүүдтэй харьцуулахад тав дахин их байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ба Х.Мөнхзул гишүүний байр суурь

Эрчүүдийн сэтгэл зүйн дарамт, нийгмийн стресс хуримтлагдсаар байгаа нь амиа хорлолтын түвшнийг бууруулахгүй байх гол хөшүүрэг болж байна. Хэвлэлийн хурлын үеэр үүссэн нөхцөл байдал болон тоон үзүүлэлтүүдийг нэгтгэн ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул дараах албан ёсны мэдэгдлийг өглөө.

“Нас баралтын суурь шалтгаануудыг өвчлөл, осол гэмтэл болон амиа хорлолт эзэлж байна. Монголын дөрвөн бүсийн эрчүүдийг хамруулсан Дэлхийн банкны судалгаагаар судалгаанд оролцсон эрчүүдийн 59 хувь нь өвдсөн үедээ л эмнэлэгт ханддаг гэжээ. Харин 20 хувь нь огт эмчид хандаж байгаагүй гэсэн судалгааны үр дүн гарсан. Хөдөлмөрийн насны буюу 30-59 насны эрчүүдийн дунд эмнэлэгт хандах хандлага хамгийн бага байгаа нь ХЭҮК-ын судалгаагаар тогтоогдсон. Монголэрчүүдэд хамгийн тулгамдаад буй асуудал бол сэтгэцийн эрүүл мэнд байна. Үүнээс шалтгаалан манай улсын эрчүүдийн амиа хорлолт өндөр хэвээр байгаа. Эрчүүдийн амиа хорлолтын түвшин эмэгтэйчүүдийнхээс тав дахин их байна. Тэр тусмаа 35-44 насны эрчүүдэд амиа хорлолт хамгийн өндөр байна. Түүнчлэн сүүлийн үед хүүхдүүдийн дунд амиа хорлох оролдлого гарч байгаа нь анхаарал хандуулах ёстой гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад хангалтгүй байна. Цаашид энэ салбарт ажилладаг эмч нарын орон тоог нэмэх шаардлага тулгарсан” хэмээн тэрбээр онцлов.

Өнөөгийн нийгэмд сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сул байгаа нь энэхүү сөрөг үр дагаврыг улам даамжруулж байна. Тиймээс цаашид тус салбарт тууштай шинэчлэл хийж, мэргэшсэн хүний нөөцийг бэхжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг мэргэжилтнүүд уриаллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй