ЭХЭМҮТ-д хүүхэд, нярайн ЭКМО эмчилгээ нэвтрүүлэхээр боллоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ЭКМО

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүүхэд, нярайн амь насыг аврах өндөр ач холбогдолтой ЭКМО (ECMO) технологийг нэвтрүүлэхээр болжээ. Энэхүү дэвшилтэт тоног төхөөрөмж нь хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээнд шинэ боломж нээх юм.

Төслийг Монгол Улсын Хүннү Ротари клуб болон Япон Улсын Киото Өмнөд Ротари клуб хамтран хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд ЭХЭМҮТ-ийн Нярайн зүрхний мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт ЭКМО аппаратыг хандивлахаар болж, өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт Япон Улсын Киото Өмнөд Ротари клубийн ерөнхийлөгч Такеда Риюжи, Монгол Улсын Хүннү Ротари клубын ерөнхийлөгч Номундарь, ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Л.Ганбаяр нар гарын үсэг зурсан байна.

ЭКМО нь зүрх, уушгины үйл ажиллагаа хүндээр алдагдсан үед тухайн эрхтнүүдийн үүргийг түр хугацаанд орлон дэмждэг эрчимт эмчилгээний технологи юм. Уг аппарат нь бие махбодыг хүчилтөрөгчөөр хангах боломж бүрдүүлдэг тул амь насанд аюултай хүнд нөхцөлд хэрэглэгддэг байна.

Төслийн хүрээнд хэрэгжүүлэх гол ажлууд:

  • ЭКМО аппаратыг ЭХЭМҮТ-д хандивлах
  • Төхөөрөмжийг Нярайн зүрхний мэс заслын дараах эрчимт эмчилгээний тасагт суурилуулах
  • Эмч, мэргэжилтнүүдийг сургах
  • Технологийг аюулгүй, үр дүнтэй ашиглах чадавхыг үе шаттайгаар бүрдүүлэх

Дэлхийн олон оронд ЭКМО технологийг хүүхэд, нярайн зүрхний мэс заслын дараах хүндрэл болон амь насанд аюултай эмгэгийн үед өргөн ашигладаг. Ийм төхөөрөмжийг Монголд нэвтрүүлснээр хүүхэд, нярайд шаардлагатай өндөр түвшний эрчимт эмчилгээг эх орондоо үзүүлэх боломж нэмэгдэх юм.

Ингэснээр ЭХЭМҮТ-ийн хүүхэд, нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид чухал ахиц гарна гэж үзэж байна. Мөн эмч, мэргэжилтнүүд шинэ технологи дээр ажиллах мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой болох аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй