В.Путин: Украины ажиллагааны улмаас Оросын 100 орчим хөлөг онгоц гэмтэж, ДНБ-ий 1%-тай тэнцэх хохирол амслаа

0 comments
Путин

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) дээд хэмжээний уулзалтын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизийн нийслэл Бишкек хотноо хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр Орост шинээр дайчилгаа явуулах тухай мэдээллийг эрс үгүйсгэж, Украины эрчим хүчний байгууламжид цохилт өгөх шийдвэр гаргаснаа мэдэгдсэнээс гадна Хар тэнгис дэх цэргийн ажиллагааны улмаас учирсан хохирлын талаар мэдээлэв.

Дайчилгааны тухай мэдээллийг няцааж, АНУ-тай харилцах байр сууриа илэрхийлэв

Өрнөдийн хэвлэлүүдээр гарсан Орост шинээр дайчилгаа зарлах гэж байгаа гэх мэдээллийг В.Путин эрс няцааж, ор үндэсгүй, Оросын эсрэг чиглэсэн мэдээллийн дайралт хэмээн нэрлэв. Мөн АНУ-ын ТТГ-ын захирал Жон Рэтклифф Москвад айлчилсан талаар тайлбарлахдаа тусгай албадын харилцаа Хүйтэн дайны үеэс үргэлжилсээр ирснийг дурдаад, Д.Трампын ойрын хүрээнийнхэн болох Жаред Кушнер, Стив Уиткофф нартай уулзаж, бодит агуулгатай хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэв.

Фронтын нөхцөл байдлын тухайд тэрбээр Оросын арми давшилтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд олон эх сурвалжаас бодит мэдээлэл авч байгаагаа онцолсон юм.

Иргэний нисэх, эрчим хүчний байгууламж ба эдийн засгийн хохирол

Украины Ерөнхийлөгч В.Зеленский дроноор Оросын иргэний нисэхийн агаарын орон зайг хаах тухай мэдэгдсэн гэх мэдээлэлд В.Путин хариулахдаа, үүнийг “төрийн терроризм”-ийн шинжтэй ноцтой заналхийлэл гэж үзнэ хэмээв. Мөн Оросын иргэний дэд бүтэц, газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийсэн халдлагын хариу болгож Украины эрчим хүчний байгууламжуудад өргөн хүрээтэй томоохон цохилт өгөх чиглэлийг Зэвсэгт хүчиндээ өгсөн гэдгээ мэдэгдлээ.

Хар тэнгис болон Азовын тэнгист Украины явуулсан ажиллагааны улмаас эхний хоёр долоо хоногт 40 орчим, нийт 40 хоногийн хугацаанд 100 орчим хөлөг онгоц гэмтэж, учирсан хохирол нь Оросын ДНБ-ий ойролцоогоор 1 хувьтай тэнцэж байгааг хүлээн зөвшөөрөв. Гэсэн хэдий ч энэ нь улсын эдийн засагт шийдвэрлэх хэмжээний хүндрэл биш гэж тэрбээр үзэж байна.

Цэргийн зориулалттай объектуудын тухай

Оросын нутаг дэвсгэрт Их Британийн зэвсэглэлийг ашиглаж байгаатай холбогдуулан В.Путин сануулга өглөө. Тэрбээр Украин дахь ямар ч цэргийн зориулалттай объект, түүний дотор Их Британийн болон бусад гадаад улсын цэргийн байгууламжууд Оросын армийн хууль ёсны бай болохыг мэдэгдсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй