Table of Contents
Сүүлийн жилүүдэд Холливудын алдартнуудын хүүхдүүд өөрийн хүйсийн баримжаа, төлөөний үг, шинэ нэрийн талаар илүү нээлттэй ярих болсон. Зарим нь трансжендэр гэж өөрийгөө тодорхойлсон бол зарим нь хоёртын бус төлөөний үг ашиглаж, өөрийгөө илэрхийлэх хэв маягаа өөрчилжээ.
Шайло Жоли
Анжелина Жоли, Брэд Питт нарын охин Шайло багаасаа өөрийн өвөрмөц хэв маягаар олны анхаарлыг татдаг байсан. Тэрээр хүүхэд байхдаа богино үс, эрэгтэйлэг хувцаслалтыг илүүд үздэг байсан бөгөөд Жоли нэгэн үе хүүхэд нь өөрийгөө Жон гэж дуудуулахыг хүсэж байсан тухай ярьж байв.
Гэсэн ч Шайло хожим трансжендэр шилжилт хийх бодлоо өөрчилж, өөрийгөө эмэгтэй гэж тодорхойлсоор байна. Сүүлийн үед тэрээр илүү эмэгтэйлэг дүр төрх, нүүр будалттайгаар олон нийтийн өмнө харагдах болсон.

Финн Аффлек
Бен Аффлек, Женнифер Гарнер нарын дунд хүүхэд Финн Аффлек 2024 оны хавар өвөө Уильям Гарнерын дурсгалын ёслолын үеэр олны анхааралд өртсөн. Өмнө нь Серафина Роуз нэрээр танигдаж байсан тэрээр богино үстэй, сонгодог эрэгтэй костюмтай гарч ирээд “Сайн байна уу, намайг Финн Аффлек гэдэг” гэж өөрийгөө танилцуулжээ.

Руби Гест
Жейми Ли Кертис болон найруулагч Кристофер Гестийн охин Руби Гест 2021 онд трансжендэр эмэгтэй гэдгээ олон нийтэд мэдэгдсэн. Кертис гэр бүл нь хүүхдээ Руби нэрээр, охин нь болж амьдрахыг “бахархалтайгаар, бишрэн” харж байсан гэж хэлж байв.
Жүжигчин охиноо нээлттэй дэмждэг бөгөөд 2022 онд Рубигийн Кинтиятай хийсэн хуримын ёслолыг өөрөө удирдсан байна.

Сэмюэл Жозеф Мозес
“Sex and the City” цувралын жүжигчин Синтия Никсон трансжендэр хүү Сэмюэл Жозеф Мозес буюу Сефийг өсгөж байна. Тэрээр их сургуульд сурч байхдаа өөрийн хүйсийн баримжаагаа олон нийтэд илэрхийлсэн бөгөөд Никсон хүүгээ нээлттэй дэмждэг.

Жексон Терон
Шарлиз Терон 2019 онд өргөмөл том хүүхэд Жексон нь трансжендэр охин гэдгийг ярьсан. Жүжигчний хэлснээр, Жексон гурван настайдаа “Би хүү биш” гэж хэлсний дараа Терон охиныхоо хүйсийн баримжааг хүндэтгэх ёстойгоо ойлгожээ.
Түүнээс хойш жүжигчин хүүхдийнхээ хувийн орон зайг хамгаалж, зөв төлөөний үг ашиглахыг хүсдэг болсон.

Эмме Марибель Муньис
Женнифер Лопесын хүүхэд Эмме Марибель Муньис өөрийгөө трансжендэр гэж зарлаагүй ч “they/them” буюу хүйсийн хувьд төвийг сахисан төлөөний үг ашигладаг. Лопес нэгэн хамтарсан тоглолтын үеэр хүүхдээ ийм төлөөний үгээр танилцуулсан нь олон нийтийн анхаарлыг татсан.

Кай Шрайбер
Наоми Уоттс, Лив Шрайбер нарын хүүхэд Кай өөрийгөө охин гэж тодорхойлдог. Эцэг эх нь түүний сонголтыг дэмжиж буйгаа нууж байгаагүй.
Кай одоо загварын чиглэлээр идэвхтэй ажиллаж, тод, эмэгтэйлэг дүр төрхөөр олны өмнө гардаг. Тэрээр өмнө нь Мэрилин Монро шиг “үзэсгэлэнтэй, гламур, нөлөө бүхий эмэгтэй” болохыг мөрөөддөг гэж ярьж байжээ.

Вивиан Женна Уилсон
Илон Маскийн охин Вивиан Женна Уилсон 2022 онд нэрээ албан ёсоор сольж, трансжендэр эмэгтэй гэдгээ мэдэгдсэн. Мөн тэрээр эцгийнхээ овгоос татгалзаж, түүнтэй холбоотой байхыг хүсэхгүй байгаагаа тайлбарлаж байв.

Чез Боно
Шер болон Сонни Боногийн хүүхэд Чез Боно 2009 онд жендэрийн шилжилт хийсэн. Тэрээр трансжендэр алдартнуудын хүүхдүүдээс өөрийн туршлагаа хамгийн түрүүнд нээлттэй ярьсан хүмүүсийн нэг болсон.
Чез хожим зохиолч, жүжигчин, нийгмийн идэвхтнээр ажиллаж, Холливудад трансжендэр хүмүүсийн тухай яриаг илүү өргөн хүрээнд гаргахад хувь нэмэр оруулжээ.

Энджел Айрис Мерфи Браун
Эдди Мерфи болон Spice Girls хамтлагийн экс гишүүн Мел Би нарын хүүхэд Энджел Айрис Мерфи Браун 2025 онд трансжендэр залуу гэдгээ илэрхийлсэн. Тэрээр том мэдэгдэл хийхийн оронд Instagram профайлдаа “he/him” төлөөний үг оруулсан байна.
Гадаадын хэвлэлүүдийн мэдээлснээр, Энджелийн шийдвэрийг хоёр од эцэг эх нь дэмжжээ.

Айрин Де Ниро
Роберт Де Нирогийн охин Айрин Де Ниро 2025 онд өөрийгөө трансжендэр эмэгтэй гэж олон нийтэд анх удаа мэдэгдсэн. Тэрээр жендэрийн шилжилтийн хүрээнд гормоны эмчилгээ хийлгэж буйгаа ярьжээ.
Каминг-аутын дараа Роберт Де Ниро охиноо нээлттэй дэмжсэн. Жүжигчин хүүхдээ өмнө нь ч хайрлаж, дэмжиж байсан, цаашид ч мөн адил байх болно гэж онцолсон байна. Айрин өөрийн биедээ удаан хугацаанд тухгүй мэдрэмжтэй байсан ч одоо шүүмжлэлээс айлгүй амьдралаа бүтээхийг хүсэж буйгаа хэлжээ.
