Японы цахилгаан бараа үйлдвэрлэгч “Panasonic” корпораци Өмнөд Солонгосын жүжигчин Ха Ёны (Ha Young) оролцсон 2020 оны сурталчилгааны видеог албан ёсны сувгуудаасаа далдлав. Компанийн талаас энэхүү шийдвэрийнхээ шалтгааныг тодорхой тайлбарлаагүй ч салбарынхан болон олон нийтийн зүгээс үүнийг сүүлийн үед дэгдээд буй түүний гэр бүлийн түүхтэй холбоотой дуулиантай шууд холбон тайлбарлаж байна. Жүжигчин бүсгүй өнгөрсөн сард телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо дөрвөн үеэрээ эмчийн залгамжтай айл болохоо ярьсан нь түүний элэнц өвөө Ан Сан Хогийн түүхэн үйл ажиллагааг олон нийтийн анхаарлын төвд авчирсан юм.
Эхэндээ жүжигчний агентлаг 1872–1927 оны хооронд амьдарч байсан элэнц өвөөг нь Японы колоничлолын үед эзлэн түрэмгийлэгчдэд үйлчилж байсан гэх мэдээллийг няцааж байв. Гэвч 1916 оны “Тайсё найрамдлын нийгэмлэг”-ийн зөвлөлийн гишүүдийн жагсаалтад түүний нэр багтсан байсан нь архивын баримтаар баталгаажсаны дараа үнэн болохыг хүлээн зөвшөөрчээ. Жүжигчин Ха Ён холбогдох баримтуудыг шалгасны эцэст гэр бүлийнхээ түүхийг бүрэн мэдээгүй явсандаа харамсаж, олон нийтээс албан ёсоор уучлал хүссэн байна.
Түүхэн маргаантай холбоотой дуулианы нөлөө хурдацтай даамжирч, зөвхөн “Panasonic” бус, “Samsung Electronics” болон хувцасны “Atid” брендүүд ч мөн түүний оролцсон сурталчилгаануудыг нийтэд харагдахгүй болгон хаажээ. Түүнчлэн тухайн нэвтрүүлгийн дахин үзэх үйлчилгээ болон цахим сүлжээн дэх бичлэгүүдийг устгасан бөгөөд Жүжигчин Ха Ён “Netflix”-ийн “The Trauma Code: Heroes on Call” цувралын хоёрдугаар улиралд тоглохоос өөрийн хүсэлтээр татгалзсан байна.
