Өвөрхангайн Засаг дарга асан А.Ишдоржид 12 жил нэг сарын хорих ял оноов

0 comments
А.Ишдоржид 12 жил нэг сарын хорих ял оноов

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржийг хахууль авсан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасахын зэрэгцээ 12 жил нэг сарын хорих ял оноожээ. Харин түүнд 10 сая төгрөгийн хахууль өгсөн гэж үзсэн “Бако констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнд хоёр жилийн хорих ял ногдуулсан байна.

Хэргийг Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн шийдвэрлэжээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Ишдоржийг Өвөрхангай аймгийн Засаг дарга буюу нийтийн албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдээр ажиллаж байхдаа Т.Баатарсүрэнгийн гэрээ байгуулах, санхүүжилт авах, барилгыг ашиглалтад оруулах ашиг сонирхолтой холбоотойгоор албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд 10 сая төгрөгийн хахууль авсан гэж ялласан юм.

Тодруулбал, А.Ишдорж барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээг зөвшөөрч, 2022 оны наймдугаар сарын 31-нээс 2023 оны хоёрдугаар сарын 8-ны хооронд санхүүжилт олгон, барилгыг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд Т.Баатарсүрэнгээс 10 сая төгрөг авсан гэж прокурор үзжээ.

Харин “Бако констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор А.Ишдоржийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн хэрэгт яллагдагчаар татсан байна.

Шүүхийн дүгнэлтэд, барилгын ажил бүрэн дүгнэгдээгүй, чанар, стандартын шаардлага хангасан барилга хүлээн авах улсын комисс ажиллаж эхлээгүй байхад Т.Баатарсүрэн гүйцэтгэсэн ажлынхаа төлбөрийг хугацаанд нь бүрэн авах ашиг сонирхлын үүднээс А.Ишдоржийн хамаарал бүхий этгээд болох эхнэрийнх нь дүү Р.Отгонбаатарын данс руу “материалын үнэ” гэсэн утгаар 10 сая төгрөг шилжүүлсэн гэж үзжээ.

Шүүгдэгчид уг мөнгийг зээлсэн гэж тайлбарласан ч шүүх А.Ишдорж уг мөнгийг хүлээн авч, захиран зарцуулсан үйлдлийг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн гэж дүгнэсэн байна. Т.Баатарсүрэнг мөн өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгсөн гэм буруутайд тооцжээ.

УИХ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 16-нд Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 12-20 жил хүртэл хугацаагаар хорихоор хуульчилсан. Мөн тус хуулийн 21.6 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Засаг даргыг улс төрд нөлөө бүхий этгээдэд хамааруулсан байдаг.

Иймд шүүх А.Ишдоржийг дээрх зохицуулалтын дагуу нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж, 12 жил нэг сарын хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Т.Баатарсүрэнгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жил хорих ял оноосон байна.

Шүүхээс хоёр шүүгдэгчид ногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзсэн 10 сая төгрөгийг А.Ишдоржоос гаргуулан улсын орлого болгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй