Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны (ХҮАХҮЯ) Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзан, хөдөө аж ахуйн салбарын хүний нөөц, шинэ технологи болон тогтвортой хөгжлийн чиглэлээр хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Уулзалтад Японы парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Иноүэ Шинжи, Сакамото Рюүтаро, Сэто Такаказү болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса нар оролцсон байна.
Салбарын бодлого ба хоёр талын хамтын ажиллагаа
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрснийг онцлон тэмдэглэв. Тэрбээр салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” үндэсний хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ийн дэмжлэгтэй төслүүдийн үр дүнг өндөр үнэлэв.
Японы парламентын гишүүдийн зүгээс Ази, Номхон далайн бүсэд мод тарих, байгаль хамгаалах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг “ОИСКА” байгууллагын үйл ажиллагааг танилцуулсан юм. Энэхүү байгууллага нь 2007 оноос хойш Монголын 33 залууг Япон Улсад сургаж мэргэшүүлээд байгаа бөгөөд цаашид залуусыг “Тоёота” автомашины техникийн чиглэлээр бэлтгэх, хөдөө аж ахуйд ухаалаг төхөөрөмж болон хөрсгүй тариалалт, ойжуулалтын шинэ технологи нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцжээ.
Хүний нөөцийг бэлтгэх ба урт хугацааны түншлэл
Монголын тал хөдөө аж ахуйн салбарыг тогтвортой хөгжүүлэх хүрээнд хүний нөөцийн хөгжил, технологийн шилжилт, залуу ажиллах хүчний солилцоо болон байгаль орчны хамгааллын чиглэлд урт хугацааны хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Ялангуяа салбарын шинэ үеийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Японы туршлага, технологийн давуу талыг ашиглах хүсэлтэй байгааг ХҮАХҮЯ-наас онцолсон юм.
Элчин сайдын яамны дэд тэргүүн Кондо Казүмаса хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг тэмдэглэж, таван жилийн хугацаанд 50 мянган мод ургуулах амлалтаа биелүүлснээ мэдээлсэн бөгөөд талууд цаашид хамтын ажиллагааг тодорхой төсөл, бодит үр дүнд чиглүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.
