Энэ өвөл Монгол Улс эрчим хүчний дутагдалтай нүүр тулж, цахилгааны хүрэлцээний асуудал улам бүр хүндрэх нь тодорхой болоод байгаа энэ үед Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн болон Эрчим хүчний сайд Б.Найдалаа нарын хооронд салбарын шинэ төслийн талаарх санал зөрөлдөөн үүслээ.
Ц.Даваасүрэнгийн шүүмжлэл ба хараат байдлын асуудал
Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн Өмнөговь аймагт барихаар төлөвлөж буй 600 МВт-ын чадалтай нар, салхины цахилгаан станцын төслийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр өмнө нь ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо БНХАУ-аас хараат болох эрсдэл үүсэж байна хэмээн үзэж байгаа аж. Түүнчлэн өөрийг нь салбарын сайдаар ажиллаж байх үед орж ирсэн 500, 600 МВт-ын салхины станц барих саналаас гаднын хараат байдлаас сэргийлэх зорилгоор татгалзаж байснаа онцолсон байна.
Б.Найдалаа: “Гацаасны л гай, одоо урагшилмаар байна”
Салбарын сайд Б.Найдалаа хуучин сайдын энэхүү байр суурийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан эрс шүүмжиллээ. Тэрбээр Ц.Даваасүрэнгийн ярилцлагад логикгүй, хоорондоо зөрчилтэй санаанууд урсаж байгааг онцолоод, уг байр суурийн цаана эрчим хүчний салбарын асуудлыг шийдвэрлэхээс илүүтэй төслийг гацаах, үгүйсгэх, мушгин тайлбарлах хандлага явагдаж байна гэж дүгнэжээ.
Б.Найдалаа өөрийн байр сууриа дараах байдлаар илэрхийлсэн юм:
“Монгол Улсад эрчим хүчний төслүүд яагаад гацдаг байсан нь, яагаад ийм хүнд байдалд орсон нь ойлгомжтой. Гацаасны л гай даа, өөр юу байхав. Одоо Монгол Улс гацаж зогсохгүйгээр урагшилмаар байна.”
