Японы Айчи мужид болж буй Азийн пара спортын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд Монголын тамирчин Лхайжавын Туруунаа аваргаллаа.
Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд талбайн эзэн Японы Нишимүра Ацүмиг цэвэр ялж, Азийн пара наадмын аварга болсон байна.
Л.Туруунаа гурван өрсөлдөгчөө дараалан ялжээ
Л.Туруунаа шөвгийн наймд Индонезийн Шимашиг цэвэр ялсан бол хагас шигшээд БНХАУ-ын Ван Вэн Жинийг вазари үнэлгээгээр буулган авчээ. Улмаар шигшээ барилдаанд Японы Нишимүра Ацүмиг цэвэр ялснаар алтан медалийн эзэн болсон байна.
Эрэгтэйчүүдийн J1 ангиллын -95 кг-ын жинд Дашцэрэнгийн Ганбат, 81 кг-ын жинд Э.Даваадагва нар хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр болжээ. Монголын баг өмнөх өдөр тус наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн бол жүдо бөхийн төрөлд ийнхүү дахин алтан медаль нэмлээ.
