Их аварга Хакүхо сүмо бөхийг олон улсад түгээн хөгжүүлж, цаашид Азийн наадам болон олимпын хөтөлбөрт багтаах зорилгоо үргэлжлүүлэхээр болжээ.
Тэрбээр аравдугаар сарын 16-нд Азербайжаны Баку хотод болсон Олон улсын сүмо бөхийн холбооны хурлаар тус байгууллагын тэргүүнээр сонгогдсон байна. Хакүхо “Тоёота” компанийн захирал Акио Тоёодагийн залгамжлагчаар холбоог удирдахаар болжээ.
2030 оны Азийн наадамд сүмог багтаахыг зорьж байна
Хакүхо шинэ албан тушаалынхаа талаар “Итгэл хүлээлгэсэнд туйлын их баяртай байна. Би өмнөх ерөнхийлөгч Тоёодагийн үйл хэргийг үргэлжлүүлж, сүмог даян дэлхийд түгээн хөгжүүлэхийн төлөө ажиллана. Энэхүү үйл хэрэгт өөрийгөө бүрэн зориулах болно” гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн 2026 оны Азийн наадмын үеэр олон орны Үндэсний олимпын хорооны удирдлагуудтай уулзсан бөгөөд Африкийн орнуудад сүмог сурталчлах чиглэлээр Сенегалын ҮОХ-той хамтран ажиллахаар болсон гэжээ.
“2030 оны Катарт болох Азийн наадмын хөтөлбөрт сүмо бөхийг багтаахад нэг алхам ойртлоо гэж бид үзэж байна” хэмээн Хакүхо онцолсон байна.
Японы Айчи мужид есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-нд болсон Азийн 20 дахь удаагийн наадамд сүмо бөх үзүүлэх спортын төрлөөр багтсан байна. Хакүхо тус арга хэмжээний үеэр тамирчид, албаны хүмүүс, зочдод сүмо бөхийн түүх, онцлогийг танилцуулж, олон улсад сурталчлах ажилд оролцжээ.
Оксфордын их сургуульд сүмогийн талаар илтгэл тавьжээ
Мөн аравдугаар сард Их Британийн Оксфордын их сургуульд болсон анагаах ухааны эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Японы түүх, соёлыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулагдсан байна.
Хакүхо энэ үеэр сүмо бөхийн түүх, соёл, ёс заншил болон сүмогоор хичээллэх нь хүний сэтгэл зүй, эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд хэрхэн нөлөөлдөг талаар өөрийн замналаас жишээ татан илтгэл тавьжээ.
