Одоогоос 58 жилийн өмнө буюу 1968 оны аравдугаар сарын 20-нд Монголын тамирчид олимпын наадмаас анхны медалиа хүртэж, үндэсний спортын түүхэнд шинэ хуудас нээжээ.
Мексикийн Мехико хотод болсон зуны олимпын наадамд Монгол Улсаас 16 тамирчин оролцсон бөгөөд аравдугаар сарын 20-нд чөлөөт бөхийн төрөлд дөрвөн тамирчин медалийн тавцанд гарсан байна.
Ч.Дамдиншарав Монголын анхны олимпын медалийг хүртжээ
Чөлөөт бөхийн 52 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав хүрэл медаль хүртсэн нь Монгол Улсын олимпын түүхэн дэх анхны медаль болсон юм.
Түүний араас Ж.Мөнхбат мөнгөн медаль, Д.Сэрээтэр, Т.Артаг нар хүрэл медаль хүртсэнээр Монголын төрийн далбаа Мехикогийн олимпын тэнгэрт нийт дөрвөн удаа манджээ.
Тус олимпод 112 орон оролцсон бөгөөд Монгол Улс нийт дүнгээр 27 дугаар байрт орсон байна.
Монголын тамирчид зуны олимпоос 31 медаль хүртээд байна
1968 онд эхэлсэн олимпын медалийн буухиа өнөөг хүртэл үргэлжилж, Монголын тамирчид зуны олимпын наадмаас нийт 31 медаль хүртжээ. Үүнээс:
- 2 алт
- 12 мөнгө
- 17 хүрэл медаль байна.
Монголын тамирчид олимпын медалиа чөлөөт бөх, жүдо, бокс, буудлага гэсэн дөрвөн төрлөөс хүртсэн бөгөөд жүдочид 12, чөлөөтийн бөхчүүд 10, боксчид долоо, буудлагынхан хоёр медаль авчээ.
